Цөмийн зэвсгийн эсрэг тэмцэхийг залуучуудад уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХИРОШИМА, 2025 оны наймдугаар сарын 6 /Kyodo/. Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяснаас хойш яг 80 жил өнгөрч байна. Дэлхий даяар тогтворгүй байдал өсөн нэмэгдэж буй энэ үед тус хот дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл хэрэгт оролцохыг залуучуудад уриалахын сацуу мөргөлдөөнийг зогсоохын тулд өөрсдийн ашиг сонирхлыг түр хойш тавихыг улс орнуудад уриалжээ.
“Улс үндэстний
түвшинд өнөө цагт үймээн
самуунтай байгааг үл харгалзан
ард түмэн бид хэзээ ч бууж өгөх ёсгүй. Цэргийн зардал, үндэсний аюулгүй байдал, цөмийн зэвсгийн талаарх алдаатай буруу бодлого нь хүнлэг бус үр дагаварт хүргэж болзошгүйг хойч үеийн удирдагчид
болох манай залуучууд ухамсарлах ёстой” гэж Хирошима хотын дарга Казүми Мацүи амь үрэгдэгсдийн
дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр хэллээ. Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Японы байгууллага өнгөрсөн онд Нобелийн
энх тайвны шагнал хүртсэн юм.
1945 оны наймдугаар
сарын 6-ны өдөр АНУ-ын “Enola
Gay” бөмбөгдөгч онгоц Хирошимад атомын
бөмбөг хаясан яг тэр цагт буюу өглөөний
8:15 цагт ёслолд оролцогчид нэг минут чимээгүй зогсон амь үрэгдэгсдийн дурсгалыг
хүндэтгэсэн байна. Атомын бөмбөгийн уршгаар тухайн оны эцэс гэхэд 140 мянга орчим хүн амь үрэгджээ.
Японы Ерөнхий
сайд Ишиба Шигэрү хэлэхдээ, цөмийн зэвсгийн
аймшигт үр дагаврыг туулсан
цорын ганц улсын хувьд Японы
эрхэм зорилго бол цөмийн
зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгох дэлхий дахины хүчин чармайлтыг ахиулах юм гээд, ялангуяа зэвсэг хураах
асуудлаар талцал хуваагдал улам бүр нэмэгдэж байгаа энэ үед гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Хирошима хотын захиргаанаас
мэдээлснээр, Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болсон 80 жилийн арга хэмжээнд түүхэндээ хамгийн олон буюу 120 улс орон, бүс нутгийн төлөөлөгчид оролцжээ.
Связанные новости

