УБТЗ дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлж тарифын хөнгөлөлт эдэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-25 19:48:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын төмөр замын салбарын хувьд энэ онд тохиож буй 80 жилийн ойн босгон дээр гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай орчин нөхцөл бүрдэж байгааг ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ онцолж байв.
Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар хэд хэдэн удаа уулзаж Монголоор дайрсан Эдийн засгийн коридорыг бий болгохоор тохиролцсон бөгөөд гурван улсын Зам, тээврийн сайд нар уулзаж асуудлаа хамтран хэлэлцдэг болсон нь тээврийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын тээврийг хөгжүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгөх хаалга нээгдээд байгааг Зам, тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ  "Төмөр замын хөгжил"-ийн асуудлаарх Үндэсний зөвлөгөөний үеэр онцолсон.  
Монгол Улсын хувьд БНХАУ-ын гадаад худалдааны нээлттэй далайн 7 боомтыг ашиглах, хоёр орны хооронд шинээр байгуулах төмөр замын хилийн 4 боомтоос тээвэрлэх ачааны тодорхой хувийг БНХАУ-ын нутгаар хөнгөлөлттэй тарифын үнээр саадгүй дамжин өнгөрүүлэх урт хугацааны нөхцлийг, түүнчлэн Ази-Европын хоорондын төмөр замын дамжин өнгөрөх тээврийг үе шаттай тогтвортой нэмэгдүүлэхээр Засгийн газар хооронд тохиролцож, энэ талын хэлэлцээр, баримт бичгүүдийг байгуулаад байна.
Мөн Монголын ЗТХЯ, ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэг хооронд “УБТЗ”-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн Түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулж, ОХУ-ын нутгаар дамжин далайн боомт хүртэл тээвэрлэх бүтээгдэхүүнд тарифын тодорхой хөнгөлөлт эдлэхээр хоёр улсын Засгийн газрын түвшинд тохиролцсон зэрэг хамтын ажиллагааны эерэг үр дүн энэ оноос гарна гэж салбарын сайд мэдэгдэж байна. “УБТЗ”-ын гол шугам нь хойд, урд талдаа тус бүр хоёр хилийн гарцтай байх нь тохиромжтой" гэж үздэгээ Монголын тал ОХУ-д илэрхийлж энэ тал дээр хамтран ажиллахаа хүсэлтээ Ерөнхий сайдын зүгээс "Оросын төмөр зам" нийгэмлэгийн тэргүүн Олег Белозеровыг Монголд айлчлах үеэр тавьсан юм. Хоёр улсын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэлд шаардагдах санхүүжилтыг хоёр талаасаа 125 сая ам.доллараар нэмэгдүүлж, “УБТЗ”-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг ойрын үед эцэслэн боловсруулж батлах, шинэчлэлийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийг эхлүүлэх юм. Монгол Улсын хувьд дотооддоо Зүүнбаян-Ханги боомт хүртэл 280 км төмөр зам шинээр барьж, шинэ гарц нээх зэрэг төмөр замын 2-3 төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Тодруулга: “УБТЗ” нийгэмлэг 2017 онд 23 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд энэ оны эхний байдлаар ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өсөөд байна.
 
Б.Болд
Связанные новости