ОХУ-аас худалдаж авсан 587 вагон тээвэрт явснаар 700 сая төгрөгийн ашигтай ажилласан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-11 18:35:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн удирдлагууд  өнөөдөр ОХУ-аас ашиглах боломжгүй вагон худалдаж авсан тухай мэдээлэлд албан ёсны тайлбар өглөө.
УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан, “2017 оны эхээр Монгол Улсын эдийн засаг сэргэж, уул уурхайн үйлдвэрлэл, тээвэрлэлт, ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Иймээс 2017 оны намар 587 ачааны хагас вагоныг хилээр оруулж ирсний 548 нь одоогоор тээвэрт явж байгаа юм. Эдгээрийг Дархан, Замын-Үүдийн вагон засварын газарт урсгал засварт оруулсан. Нэг вагоныг дунджаар 9-11 мянган доллараар авч, 4 сая 450 мянган төгрөгний зардлаар засвар хийжээ. Бүх вагоны засварт нийт 16.2 тэрбум төгрөг зарцуулсан. Харин өнгөрсөн хугацаанд засварласан вагонуудыг тээвэрлэлтэд ашигласнаар 16.9 тэрбум төгрөгийн орлого олсон. Ингэснээр жил хүрэхгүй хугацаанд зардлаа нөхсөнөөс гадна 700 сая  төгрөгийн ашигтай ажилласан. Мөн өнгөрсөн жил нийт экспортын ачааны 35-40 хувийг вагоноор тээвэрлэж байсан бол энэ онд 63.4 хувийг тээвэрлэлээ. Энэ ажил Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний өсөлт авчирсан гэдгийг онцолж хэлмээр байна. Цаашид ачаа тээврийн захиалгаа бүрэн хангахын тулд 1400 ширхэг хагас ачааны вагон шаардлагатай" гэв.
Мөн үеэр УБТЗ-ын вагоны аж ахуйн албаны дарга Л. Болд, “ОХУ-аас авсан бүх вагонд ШУТИС-ийн Металл сорьцын лабораторитой хамтран ашиглалтын нөөцийн судалгаа хийсэн. Судалгааны дүнгээр вагоны ноён нуруу болон тэнхлэгийн голууд ашиглалтын шаардлагыг бүрэн хангаж байснаас гадна цаашдаа 16-18  жилийн ачаалал дааж чадах нь батлагдсан. Монгол Улсын стандартаар бол нэг вагоныг 30-32 жил ашигладаг. Тэгэхээр  14-16 жил ашиглах боломжтой гэсэн үг” гэлээ.
 
О.Болорцэцэг
Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости