Стандартыг сонгон хэрэглэхийг хуульчилж өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-07 13:33:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долдугаар сарын 1-нээс манай улсад Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ.
Дээрх хуулийг танилцуулах уулзалт өнөөдөр ГХЯ-нд болж Засгийн газрын харъяа яам, агентлагийн 80 гаруй албан хаагч оролцлоо.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн хэлж буйгаар манай улсад стандартын эрхзүйн хэм хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх явдал чухал байгаа бөгөөд энэ үүднээс Засгийн газраас Стандартчилал, тохирлын үнэлгээний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж 2017 оны 7 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталсан. 
Ингэснээр стандартыг сонгон хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагыг манай улсад хуульчилж өгсөн гэв. Улмаар ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар манай улс стандарт сонгон хэрэглэх хэлбэрт 100 хувь шилжих юм.
Тодруулбал, хэрэглэгчийн хүсэлт эрэлтийг тодорхойлсон стандартыг үйлдвэрлэгч өөрөө сонгон хэрэглэх боломж бүрдэж байгаа аж. Тухайлбал, манай үндэсний үйлдвэрлэгч гадаад зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх бол экспортлох гэж байгаа тухайн улс орны шаардлага, шалгуурыг хангасан стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төрөөс үндэсний стандартыг заавал мөрдөхийг шаардахгүй болж байна.
Мөн хуулиар итгэмжлэлийн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг олгож байна Ингэснээр итгэмжлэлийн үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөх баталгааг нэмэгдүүлж тохирлын үнэлгээнй үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэж байна.
Б.Болд
Связанные новости