Төрийн худалдан авалтад дотоодын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-06 09:34:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн худалдан авалтанд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих үүднээс үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор  МҮХАҮТ, ХХААХҮЯ хамтран “Дотоодын үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт” сэдэвт үзэсгэлэн, семинар, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Дээрх арга хэмжээний үеэр Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Стандартчилал хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Стандартын тохирлын үнэлгээний талаарх мэдээллийг хүргэж төрийн худалдан авалтаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд тулгарч буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглож Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-ыг батлан гаргаад байгаа юм.
Б.Болд
Связанные новости