Дахин хөрөнгөжүүлэлтийн хууль банкны салбарт томоохон шинэчлэл авчирна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-05-31 18:56:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, Монголбанкнаас Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хуулийн төслийг УИХ-д боловсруулан өргөн бариад байна.

Энэ хуулийн төслийг УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж буйг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тодотголоо. Тэрээр энэ хуулийн төсөл нь банкны салбарт сүүлийн 30 жилд хийж буй томоохон өөрчлөлт шинэчлэлтийн нэг хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Дээрх шинэчлэлийг ОУВС-гаас манай улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа аж. 

Эдүгэ Монголын банкны салбарт 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө дутагдаж байгаа бөгөөд энэ нь  эрсдэл үүсгэхгүй  аж.  Банкны системийнхэн дутагдаж буй хөрөнгийг энэ онд багтаан нэмэгдүүлэх боломжтойг онцлов. Тиймээс Төвбанкнаас ирэх 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгчээ. Хэрэв өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхгүй бол зарим банкинд Засгийн газраас хувь нийлүүлэх замаар зарим зохицуулалтыг хийхээр хуулийн төсөлд тусгажээ. 
 
Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэхдээ, "Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн хууль нь эдийн засгийн өсөлтийг хангах боломжийг банкны салбарт бүрдүүлж өгөөд зогсохгүй харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдвартай, эрсдэлгүй хадгалахын тулд энэ хуулийн төслийг санаачилсан" гэв. 

Өнөөдөр банкны салбарт дутагдаж буй хөрөнгөжүүлэлтийн хэмжээ болох 511 тэрбум төгрөг нь ДНБ-ийн 1.9 хувьтай тэнцэж байгаа бөгөөд манай улсын банкны салбарын нийт актив хөрөнгө 28 их наядаар хэмжигдэж байна.
 
Б.Болд
 
Связанные новости