Монголбанк бага дүнтэй гүйлгээний системийг нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-05-31 14:43:02
Улаанбаатар //МОНЦАМЭ/. Монголбанк өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн банк хооронд дахь бага дүнтэй гүйлгээний системийг сольж автомат клиринг хаус буюу АСН+ систем нэвтрүүлж эхлэх гэж байна.

Шинэ систем нэвтэрснээр банкны үйлчилгээ хэрхэн шинэчлэгдэх талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар хэлэхдээ, "Төв банк санхүүгийн мэдээллийн олон улсын "ISO 20022" стандарт нэвтрүүлж байна. Ингэснээр гүйлгээний мэдээллийн бүтэц өргөжиж, гүйлгээний төрөл нэмэгдэх юм. Банк хоорондын дебит шилжүүлэг буюу биллингийн үйлчилгээ нэвтэрч байна. Төлбөрийн системийн дамжуулах, хүлээн авах боломж бүрдсэнээр төлбөрийн үр ашигтай байдал нэмэгдэж байна" гэв.



Төвбанк банк нэгдсэн дугаарлалтын программыг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэснээр дансны нэгдсэн дугаарлалттай болжээ. Мөн хэрэглэгч гар утасныхаа төлбөрийг данснаас нь суутгаад явдаг гүйлгээний шинэ төрлийн үйлчилгээтэй болж байна.  

Түүнчлэн тухайн өдрийн гүйлгээг цуглуулж байгаад нэг удаа хийдэг байсан гүйлгээний мэдээллийг өдөрт 2-3 удаа хийх боломжтой болж, гүйлгээний аюулгүй байдал хангагджээ. Улмаар багц үйлчилгээ нээгдэж, байгууллага 50 сая төгрөгийг 50 хүнд хуваарилж түгээхэд  нэг үйлдлээр гүйцэтгэх боломжтой болох юм байна.

Монголбанк PKI буюу банк хоорондын гүйлгээнд цахим гарын үсгийн шинэ системийг нэвтрүүлснээ онцлов. Тоон гарын үсгийн энэ системд холбогдсоноор хэрэглэгчийн дансны дугаар, гүйлгээний бусад мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, хамгаалалт сайжрахаас гадна харилцагчдын хооронд дахь төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх боломж бүрдэх юм байна.

Монголбанкинд, банк хоорондын гүйлгээнд нэвтрэх дээрх шинэчлэлүүдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай улсад хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд хийж  байгаа бөгөөд АСН+ системийг нэвтрүүлэх ажил энэ оны тавдугаар сараас 2019 оны наймдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Шинэ систем нэвтрүүлэх ажлыг  АНУ-ын “Монтран” корпораци хийж байна. Тус компани төлбөрийн системийг олон улсад амжилттай нэвтрүүлсэн туршлагатай бөгөөд сонгон шалгаруулалтын нээлттэй тендерт дээрх компани  шалгарчээ.
Б.Болд
 
 
 
Связанные новости