Эдийн засаг 6.1 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-29 16:14:15
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн хорооноос гаргасан 2018 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Монголын эдийн засагт 3.2 их наяд төгрөгт эргэлдэж, өмнөх оны мөн үеэс даруй 188 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Ингэснээр Монголын эдийн засаг 6.1 хувийн өсөлтийг үзүүлж байна. Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг 2018 онд 3.1 хувиар өсөх таамаглал дэвшүүлээд байгаа. Харин дотоодын шинжээчдийн дүгнэлтээр эдийн засаг энэ онд илүү эрчимжиж, олон улсын таамаглалыг давах хандлагатай байна. Нийт эдийн засагт үлэмж нөлөөтэй уул уурхайн түүхий эд болох зэс, алт, нүүрсний үнэ харьцангуй өсөлттэй байгаа юм. Улмаар Хятад, Монголын хил дээр үүсээд байгаа нүүрс тээвэрлэлтэд үүссэн урт дарааллыг шийдэж, нэвтрэх гарцыг нэмэгдүүлснээр өдөрт 1000-1400 автомашин хилээр гарах боломж бүрдсэн. Энэ нь гуравдугаар улиралд нүүрсний экспортыг эрчимжихэд нөлөөлжээ. Нөгөөтэйгүүр гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, том төслүүд хөдлөх хүлээлт үүссэн нь эдийн засагт нааштайгаар нөлөөлж байна. Манай улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас болж өгсөж, урууддаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл мөчлөг дагаж хувьсаж ирсэн. Тэгвэл 2018 оны хувьд нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч, монголын эдийн засаг тэр дундаа уул уурхайн салбарын өсөлтөд нэлээн жин дарж байгааг мэргэжилтнүүд тодотгож байгаа юм. Тодруулбал экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж буй бөгөөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам. доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар тэлэв. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ энэ хэвээр цааш үргэлжилбэл манай улсын хувьд таатай нөлөө үзүүлнэ гэдэгт эдийн засагчид санал нэгтэй байна. Улмаар эдийн засаг харьцангуй эерэг болсон суурь шалтгааны нэг нь БНХАУ манай улсаас түлхүү нүүрс худалдаж авсан явдал хэмээн шинжээчид тайлбарлаж байна.

Б.Заяа
Связанные новости