Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-08 10:17:20

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Татварын хууль тогтоомжийг зөрчсөн, хугацаанд нь зөрчлөө арилгаагүй болон нэг зөрчлийг гурав буюу түүнээс олон удаа давтан гаргасан татварын төлөгчийн мэдээллийг татварын алба зөвшөөрөлгүй нийтэд мэдээлэх зохицуулалтыг энэ оны хоёрдугаар сараас хүчингүй болгоод буй.


"Энэхүү зохицуулалт нь хүний эрхийг зөрчиж байна" гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч УИХ-аас Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг өөрчилсөн юм. Өөрчлөлтөөр зөвхөн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь шалгагдаж байгаа болон эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн нэр, дугаар, холбогдох хэргийн мэдээллийг тухайн татвар төлөгчийн зөвшөөрөл шаардахгүйгээр албан ёсны цахим хуудаст жагсаалт хэлбэрээр нийтэлж, олон нийтэд мэдээлэхээр зохицуулсан.


Гэхдээ олон нийтэд зөвшөөрөлгүй мэдээлэхээсээ 10-аас доошгүй өдрийн өмнө тухайн татвар төлөгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгоно. Түүнчлэн олон нийтэд мэдээлэх нөхцөлүүд арилсан буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь эцэслэн тогтоогдсон, мөн оршин суугаа хаяг байршлаа тодорхойлсон болон олж тогтоосон бол жагсаалтаас хасаж байхаар заажээ.


Дээр дурдсанаас бусад ямар ч тохиолдолд татварын байгууллага татвар төлөгчийн тухай мэдээллийг олон нийтэд түгээх нь энэ хуулиар хориглосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуульд энэ оны нэгдүгээр сарын 17-нд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хүний эрх, эрх чөлөө хангах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэж буй бөгөөд хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх УИХ-ын стратегийн зорилтод нийцэж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Связанные новости