АН: Таван жилийн төлөвлөгөө мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-10 14:05:49

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.


Хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг сонссон байна. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон албаны хүмүүс мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулжээ.


Гишүүдээс таван жилийн төлөвлөгөө мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй, онцгой анхаарах салбарууд байгааг цохож хэлсэн аж. Тухайлбал, урт, дунд, богино хугацааны төлөвлөөгөө хоорондоо зөрчилдөхгүй байх, ярих бус ажил хэрэг болгох олон чухал ажил байгааг сануулжээ.


Үүний дараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг судлан, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. 


Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг 2020 онд баталснаар анх удаа Монгол Улсын хөгжлүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсан. Өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос хоёр сарын өмнө дараагийн таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр хуульчилсны дагуу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан парламентад өргөн бариад буй юм.

Связанные новости