ТБХ: Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав.
УИХ-ын 2025 оны арвандүгээр сарын 7-ны өдрийн чуулганы
нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь
хэлэлцүүлгийг явуулах үед тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай
гэж үзэн Төсвийн байнгын хороонд буцаасан юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын
гишүүн П.Сайнзориг чуулганы нэгдсэн хуралдаанаас өгсөн зургаан чиглэлийг
хэрхэн, яаж шийдвэрлэсэн талаар ажлын хэсгээс товч мэдээлэл өгч, гишүүд
танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авах нь зүйтэй гэсэн байр
суурийг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа ажлын хэсгийн мэдээллийг
сонсох шаардлагатай хэмээн горимын санал гаргалаа. Хуралдаанд оролцсон
гишүүдийн олонх уг горимын саналыг дэмжсэнгүй.
Ингээд ажлын хэсэг болон чуулганы нэгдсэн хуралдаанаас
чиглэл өгч буцаасан тодорхой асуудлын хүрээнд гаргасан зарчмын зөрүүтэй саналын
томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Энэ талаарх Байнгын хорооны санал,
дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл
мэдээллийн газраас мэдээлэв.
Ulaanbaatar