Х.Баттулга: Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад тохиромжтой цаг ирсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-22 09:44:40
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын эдийн засгийн форум 2018 хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж хэлэхдээ, “Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийн тулд бидэнд нухацтай бодох зүйл нэлээн их байна. Бодит үнэн, сонсоход бэрх гашуун үнэнийг энд ярихаас аргагүй цаг мөч тулгарч байна.

Монголчууд бидний хөгжлийн талаар элдвийг төсөөлөн цэцэрхэх, өөр хоорондоо шөргөөлцөлдөн мөчөөрхөх, шүүмжлэн цэцэрхэх болон янз бүрийн гоё нэртэй, дэврүүн төсөл санаачлах зэргээс үл хамаараад Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол Их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилалт, таталцал, түлхэлцэл юм. Хөрөнгө оруулалтын хамгийн “таатай” аядуу хуультай гэгдсэн Монгол Улс маань гадаадын Хөрөнгө оруулалтад ээлтэй 80 улсын жагсаалтад багтаагүй байгаа юм. Энэ жагсаалтад урд хөрш маань 50-д, хойд хөрш 60-д эрэмблэгджээ. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй.
Монголын эдийн засгийн чуулган найман жил зохиогдлоо. Энд жил бүр хэдэн хүн цуглаад ханатлаа цэцэрхэж, ухаалаг дүр эсгэж байгаад тардагаа болимоор байна. Бодитой төсөл, үр дүнтэй хэлэлцүүлэг, хэрэгжих боломжит шийдлүүдийг л тойрч ярих, хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг хамтын хүчээр давах, арилгах талаар л илүүтэй ярилцаасай гэж хүсэх байна.

Бодит эдийн засаг нь онолын тодорхойлолт, цэцэн цэлмэг дүгнэлт гэхээсээ улс төрийн эр зориг, улс төрийн шийдэмгий байдлаас илүүтэй хамаардгийг энд дахин хэлье. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой шийдэл хийдэг нь хомс болсон цаг.

Энэ улс орон, ард түмний төлөө өнөөдөр л нуруугаа бөгтийлгөж, хуруугаа хөдөлгөж, сэтгэлээ чилээж чадахгүй бол цаашид сонгогчид, ард түмэн цаашид дэмжээд, тэвчээд байхааргүй тийм заагт ирчихээд байгааг ухамсарлах чадвар форумын нийт оролцогчдод байгаа гэж найдъя" гэлээ. Мөн тэрээр Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад тохиромжтой цаг ирсэн гэдгийг онцолсон юм. 
 
Өнөөдөр “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, Төвлөрлийг сааруулах бодлого, Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү, Монгол Улсын брэндинг, Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт, Цахим шилжилт ба блокчэйн,  Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал зэрэг сэдвээр салбар хуралдаанууд болох юм.  Яг одоо Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат"Амжилтын төлөөх хамтын ажиллагаа" сэдэвт үндсэн илтгэлийг тавьж байна.

“Эдийн засгийн форум 2018” хурлын төгсгөлд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдэд талууд гарын үсэг зурж,  Ерөнхий сайд асуудлыг нэгтгэн дүгнэж Засгийн газрын хийх ажлыг танилцуулах юм байна.
 
Б.Заяа
Связанные новости