Эдийн засгийн форум төрийг соён гэгээрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-21 18:54:20
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Монголын эдийн засгийн чуулган 2018” зохион байгуулах комиссоос чуулганы талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Өнөөдрийн чуулганы онцлох илтгэлийг Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чиангын "Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж" сэдэвт илтгэл байсан бол маргааш Рио Тинто, Зэс очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат "Амжилтын төлөөх хамтын ажиллагаа" сэдвээр үндсэн илтгэл тавих юм байна. Найм дахь удаагийн чуулганы хувьд төр хувийн хэвшлийнхнийг сонсож асуудлыг цаасан дээр бус бодит амьдралд хэрэгжүүлнэ гэдэгт төвлөрч буйгаараа онцлогтой гэнэ.

CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, "Өнөөдөр “Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй”, “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт”, “Аялал жуулчлал ба агаарын тээвэр”, “Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” зэрэг сэдвээр салбар хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнөлөө. Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн чуулганд төрийн гурван өндөрлөгийг оролцохыг уриалсны үр дүнд Засгийн газрын тэргүүн, УИХ дарга болон бусад сайд нар өнөөдрийн хуралдаанд оролцлоо. Маргаашийн хуралдааныг Ерөнхийлөгч нээнэ. Бид эдийн засгийн чуулганыг хоёр өдрөөр хэмжихгүйгээр үргэлжлүүлж үр дүнд нь иргэд хожих боломжийг бий болгохын төлөө ажиллана” гэв.

Энэ удаагийн чуулганы гол сэдэв бол цахим шилжилт буюу аж үйлдвэрийн IV хувьсгал юм. Өнөөдөр  хүчин төгөлдөх байгаа 600 гаруй лицензийн 70 хувийг цахим хэлбэрт шилжүүлж иргэдийн цаг завыг хэмнэх  боломжийг эл чуулганаар эрэлхийлж буй аж.  Улмаар УИХ-аас Цахим бодлогын түр хороог  байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжилтэд Засгийн газар анхаарч ажиллаж буйг дуулгасан. Энэ удаагийн форум ярихаасаа илүү хий гэсэн уриаг дэвшүүлж буй бөгөөд  Монгол Улсын эдийн 6,1 хувиар өссөн  өсөлтийг ард түмэнд бодитоор хүргэхэд чуулган үр дүнгээ өгөх ёстой  гэдийг зохион байгуулагчид хэллээ.

Бат Солюшн Партнерс компанийн Удирдах зөвлөлийн дарга В.Ганзориг " Хувийн хэвшлийнхэн нөгөө л асуудлаа тавьж байна. Энэ нь засаж залраагүйн шинж. Гол нь төр тогтвортой байдлаа хангах ёстой. Энэ утгаараа эдийн засгийн форум төрийг соён гэгээрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна. Форумыг тасралтгүй зохион байгуулж байж л бид үр дүнд хүрнэ" хэмээв.

Дашрамд дурдахад, энэ удаагийн чуулганыг дотоод, гадаадын 100 гаруй хэвлэл мэдээллийнхэн сурвалжилж буй аж.
 
 Б.Заяа
Связанные новости