Иракийн парламентын сонгуульд ас-Садрын удирдсан эвсэл ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-20 14:52:06
БАГДАД. /ТАСС/. Радикал үзэлт шашны номлогч Муктада ас-Садр-ын тэргүүлдэг “Саирун” эвсэл Төлөөлөгчдийн зөвлөл буюу Иракийн парламентын сонгуульд ялалт байгуулсан тухай Сонгуулийн хараат бус дээд комисс бямба гарагт мэдээллээ.
 
Тус комиссын мэдээлэлд дурдсанаар, ас-Садр-ын тэргүүлсэн эвсэл парламентад 54 суудал авсан байна. Харин Тээврийн сайд асан, шиитүүдийн “Аль-Хашд аш-Шааби” цэргийн жигүүрийн командлагч Хади аль-Амири-гийн тэргүүлсэн “Фатх” эвсэл 47 суудал авч удаалсан байна. Ерөнхий сайд Хейдар аль-Абади-гийн нэр дэвшүүлсэн хүмүүс 41 суудал, дэд Ерөнхийлөгч Нури аль-Малики-гийн тэргүүлдэг “Эрх зүйт төр улс” нам 25 суудал авах нь тодорхой болжээ.
 
Иракийн парламентыг сонгох 4 дэх удаагийн сонгууль 5 дугаар сарын 12-нд болсон юм. Сонгуулийн дээд комиссын мэдээлснээр, санал өгөх эрхтэй 24,5 сая иргэдийн 44,5 хувь нь сонгуульд оролцсон бол 7 мянга гаруй хүн, тэдний дотор 2011 эмэгтэй Төлөөлөгчдийн зөвлөлийн 329 мандатын төлөө өрсөлдсөн байна. Иракийн парламентын нийт суудлын 25 хувьд эмэгтэйчүүд нэр дэвшүүлэх квот тогтоосон аж.
 
Ас-Садр сонгууль ялсан явдал нь Иран болон АНУ-ын аль алиных нь “санаанд нийцэхгүй” байгаа юм. Учир нь, 2003 онд Америкийн цэрэг Иракт цөмрөн орсны дараа түүний толгойлсон “Махди-гийн арми” гэдэг бүлэглэл Америкийн цэргүүдийн эсрэг ширүүн дайтаж байжээ. Үүний зэрэгцээ ас-Садр Иран улсаас хөндийрөх бодлого баримталдаг аж.
 
Э.Аянзаяа
 

Связанные новости