Трамп, Путин нар Аляскад ирэх долоо хоногт уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-09 10:37:07

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 9 /Fox News/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх баасан гарагт буюу наймдугаар сарын 15-нд уулзахаар болжээ. Оросын цэргүүд 2022 онд Украин руу довтолж эхэлснээс хойш АНУ, ОХУ-ын удирдагчдын биечлэн хийж буй анхны уулзалт энэ болно.


“АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар миний бие ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх уулзалт ирэх баасан гарагт буюу 2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр агуу Аляска муж улсад болно” гэж Д.Трамп баасан гаргийн орой Truth Social” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  


Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф Оросын төрийн тэргүүнтэй уулзахаар Москвад очсоны дараа лхагва гарагт Д.Трамп, В.Путин нар утсаар ярьснаас хойш хоёр орын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хаана болох нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байсан юм.


Уулзалтыг хийх боломжтой улсуудад Унгар, Швейцар, Итали, АНЭУ-ыг авч үзэж байсан бөгөөд В.Путин анх Унгарыг илүүд үзэж байсан гэж уг төлөвлөгөөний талаар мэдээлэл бүхий эх сурвалж мэдээлсэн байна. Кремлийн тэргүүн мөн Ром Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ойр дотно харилцаатайг харгалзан Италид уулзах санааг дэмжээгүй гэж баасан гарагт хэвлэлүүд мэдээлж байв.


Лхагва гарагт В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Д.Трамп мөн В.Зеленскийтэй Европын удирдагчдын хамт гурван талт уулзалт хийх боломжийн талаар ярилцжээ. Путин, Зеленский нарын шууд уулзалтыг зохион байгуулахыг өнөөг хүртэл татгалзсаар ирсэн Москва ойрын үед гурван талт уулзалтад оролцохгүй бололтой байна. Кремлийн гадаад бодлогын зөвлөх лхагва гарагт мэдээлэл хийх үеэрээ, ийм уулзалт хийх боломжийн талаар “дурдсан” боловч “хэлэлцээгүй” гэж мэдэгджээ.


Хожим нь В.Путин сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлэхдээ, В.Зеленскийтэй уулзахыг эсэргүүцээгүй гэдгээ цохон тэмдэглэсэн боловч тодорхой “нөхцөл болзлууд” хангагдсан тохиолдолд ийм уулзалтыг хийнэ хэмээн мэдэгдсэн юм. Гэхдээ тэрбээр ямар нөхцөлүүдийн талаар ярьсан нь тодорхойгүй хэвээр байна. 

Связанные новости