Дөрөвдүгээр цахилгаан станц хүчин чадлаа 89 МВт-аар нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-03 12:55:40
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2013 онтой харьцуулбал даруй 16 хувиар өсчээ. Энэ хэрэглээг хангахын тулд ДЦС-ууд жигд бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой ч насжилтай холбоотойгоор тасалдах аюул нүүрлэхэд ойрхон байгаа. Тэгвэл өчигдөр “ДЦС-4” ТӨХК “ТА 1-4-ийн хүчин чадлыг нэмэгдүүлж насжилтыг уртасгах, шинэчлэлийн төсөл” хэрэгжүүлэх болсноо  танилцуулж, салбарынхны санал бодлыг сонссон юм.

Эдүгээ “ДЦС-4” ТӨХК төвийн бүсийн цахилгааны эрчим хүчний  хэрэглээний 63.9 хувийг, нийслэлийн эрчим хүчний  хэрэглээний 55.4 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тасралтгүй  35 жил хэрэглэгчдийг эрчим хүч, дулаанаар хангаж буй тус станц найдвартай үйл ажиллагаа явуулахын тулд  турбо агергатуудын насжилтыг уртасгах шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх шаардлагатай нүүр тулжээ.
 

“ДЦС-4”-ИЙН  ТУРБОАГРЕГАТУУДЫГ  ШИНЭЧЛЭХЭД 93 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛНА


Төсөл танилцуулах арга хэмжээг “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч  А.Бямбадорж нээж хэлэхдээ, “ДЦС-4” ТӨХК 1983 онд ашиглалтад орсноос хойш 35 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Станцын техникийн бодлогын хүрээнд тоноглолын насжилтын судалгаа, шинжилгээг 2010 оноос хийж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд насжилт өндөртэй тоноглолуудыг сайжруулах ажлуудыг үе шаттай хийж ирлээ. 2012 онд Уралын Турбины заводтой “ДЦС-4” ТӨХК турбоагрегатуудыг шинэчлэх, төлөв байдлыг тодорхойлох судалгаа шинжилгээний ажлыг  эхлүүлсэн нь өнөөдрийн  төслийн суурь болж байна. 2017 онд  ОХУ-ын Санкт Петербург хотноо болсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Ингэснээр энэ төслийн эхлэл тавигдсан юм. Өнгөрөгч наймдугаар сард ЭХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар ДЦС ТӨХК-ийн 1-4 дүгээр турбоагергатын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэн сайжруулах төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцэж дэмжсэн.  Энэ оны нэгдүгээр сард шинэчлэлийн ажлыг 2018 -2019 онуудад  их засварын хугацаанд багтаан ОХУ-ын  хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хүрээнд Эрчим хүчний сайдын тушаал гарч, төслийг хууль журмын дагуу хэрэгжүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгосон.  Төслийн нэгдүгээр шатыг хэрэгжүүлэх санхүүжилтийг ОХУ-ын  хөнгөлөлтттэй зээлийн хүрээнд Внешэконом банкнаас эхний ээлжинд 25 сая ам. долларыг олгохоор болсон. Ингэхдээ Хөгжлийн банкаар дамжуулан  санхүүжилт хийх юм” гэв.

 

"ДЦС-4"-ИЙН ТУРБИНЫ  НАСЖИЛТЫН ХУГАЦАА ДУУСЧЭЭ

“ДЦС-4” ТӨХК-ийн шинэчлэл хариуцсан инженер Ц. Батмагнай “ТА 1-4-ийн хүчин чадлыг нэмэгдүүлж насжилтыг уртасгах, шинэчлэлийн төсөл”-ийн талаарх танилцуулгыг хийсэн юм. Тэрээр, “Манай  ДЦС-4 ТӨХК нь ОХУ-ын дулаан техникийн эрдэм шинжилгээний институт, Нээлттэй хувьцаат нийгэмлэг ОАО –“ВТИ”-тэй хамтран  турбоагергатуудын ашиглалтын төлөв байдалд судалгаа, шинжилгээ хийсэн. “ВТИ”-гээс турбинуудын их бие, ротор тэдгээрийн эд ангиудын төлөв байдал, механик шинж чанар болон микро бүтцийн хувьд техникийн шаардлага хангахгүй байгааг тогтоож, шинэчлэн солих шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Өнөөдрийн байдлаар турбоагрегат 1, 2, 4 -ийн ажиллах нөөц дууссан бол ТА-3 -ийн ажиллах нөөц хоёр жилийн дараа дуусахаар байна.

 



Мөн хурц уурын болон уур оруулах шугамуудын ажиллах цаг хэтэрч, ган хоолойнууд нь бүтцийн өөрчлөлтөд орж, эвдрэл гэмтэл үүсч, аваарийн нөхцөлд хүрсэн. Трансформатор 1-4 нь 30-31 жил өндөр хүчдлийн дор тасралтгүй ажиллаж, ороомог хоорондын тусгаарлагч муудаж, хүчин чадал ашиглалтыг 20 орчим  хувиар хязгаарлан ажиллаж байгаа. Ийм нөхцөл үүссэн тул хэрэглэгчдийг найдвартай эрчим хүч, дулаанаар хангахын тулд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болсон. "ДЦС-4” ТӨХК “ТА 1-4-ийн хүчин чадлыг нэмэгдүүлж насжилтыг уртасгах, шинэчлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлснээр үндсэн тоноглолын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахаас гадна турбины ажиллах цаг 220 мянгаар нэмэгдэх юм. Генератор болон трансформаторын ажиллагаа хүчин чадлын хязгаарлалтгүй болохоос гадна суурилагдсан  хүчин чадал 89 МВт-аар, турбинуудын дулааны ачаалал 74 Гкал/цагаар нэмэгдэнэ.” хэмээв.




 

ОХУ-ЫН “ЭНЕРГЕТИЧЕСКИЙ РЕШЕНИЕ” КОМПАНИ ТӨСЛИЙН ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛЖЭЭ 

Төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд нийт төслийн санхүүжилт 93 сая ам. доллар буюу 220 орчим   тэрбум  төгрөг болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Төслийн ТЭЗҮ-ийг  ОХУ-ын “Энергетический решение” компани хийж байна. Внешэконом  банк Хөгжлийн банкаар дамжуулан   төслийн эхний үе шатад 25 сая ам. доллар олгохоор болсон бөгөөд шинэчлэлийн ажил зургадугаар сарын 1-нээс 12 дугаар сар хүртэл үргэлжлэх  юм байна. Харин хоёр дахь шатанд 68 сая ам. долларын санхүүжилт орох тооцоо гарсан  бөгөөд төслийн гүйцэтгэлийн ажил 2019 оны  гуравдугаар сараас 12 дугаар сар хүртэл үргэлжлэх аж. “ДЦС-4” ТӨХК –ийн жилийн борлуулалт 240 тэрбум төгрөгт хүрдэг байна. ОХУ-ын  хөнгөлөлтттэй зээлийн хүрээнд Внешэконом банкнаас авах ам.долларын зээлийн эргэн төлөлтийг  8-16 жилийн хугацаанд төлөхөөр төлөвлөжээ.
 

ТАРИФЫГ 3-6.8 ТӨГРӨГӨӨР  НЭМЭХ ТООЦОО ГАРГАЖЭЭ

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлэхдээ, “Дөрөвдүгээр цахилгаан станцын хамт олон маш том бүтээн байгуулалтыг хийх түүхэн цаг үетэй золгож, шинэчлэл хийхээр ТЭЗҮ-гээ боловсруулжээ. Төслийн танилцуулгаас үзэхэд эл төсөл маш үр ашигтай монголчуудад хэрэгтэй ажил өрнөх нь гэж харж байна. Нэг МВт-ын хөрөнгө оруулалт нь 1 сая 45 мянган ам.доллар болж байгаа. Хуучин 4 машиныг шинэчилсэнээр станцын үйл ажиллагаа толгой өвдөхөөргүй болох юм. Шинэ цахилгаан станц байгуулахад зарцуулах мөнгөний 50 хувиар энэ шинэчлэлийг хийх нь  илүү хямд төсөр тусч буй юм. Хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс бус тарифаар зохицуулах боломжтой гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооноос дүгнэсэн. Тарифт 3-6.8 төгрөгөөр  нэмэх тооцоо гараад байна. Өнөөдрийн байдлаар нэгдсэн сүлжээ 11 эх үүсвэрээс цахилгаан худалдан авч байгаа. Үүнээс хамгийн хямд үнэтэй нь “ДЦС-4” бөгөөд дотоод тарифаар нэг КВт нь 57 төгрөгтэй тэнцэж буй юм. Дарханы станц  нэг КВт-ыг  422 төгрөг буюу хамгийн өндөр үнээр борлуулж байгаа энэ үед 7 төгрөгөөр нэмэх нь хэрэглэгчдэд ачаалал нэмэхгүй” гэв.

Мөн үеэр салбарын инженерүүд болон ахмад үеийнхэн дулааны гол ачааллыг авч яваа “ДЦС-4”-д хийх шинэчлэлийн төсөл  цаг үеэ олжээ. Гэхдээ зохицуулах, маневрлах, эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах үүднээс генераторууд болон өдөөлтийн системийн савлалт үүсгэхгүйн тулд тохиргоог өргөн  хийхэд анхаарах, мөн Эрчим хүчний салбарынхан нэгдэж гадны норм, дүрэм стандартыг дагах бус  үндэсний  стандарттай боловсруулахад хамтрах нь зүйтэй гэдгийг  онцолсон юм.

Ийнхүү эрчим хүч, дулаанаар хангаж буй “ДЦС-4”  ТӨХК-ийн шинэчлэл нь хэрэглэгчдэд найдвартай, тасралтгүй үйлчилгээг хүргэх нөхцлийг бүрдүүлэх юм байна.
 
Б.Заяа
Связанные новости