ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-26 14:49:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас 2017 он болон өнгөрсөн сарын эдийн засаг, санхүүгийн салбарт болсон онцлох үйл явдлуудын талаар сэтгүүлчдэд  мэдээлэл хийв.

Монголбанк 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэж, хөндлөнгийн аудитын PWC Mongolia компаниар баталгаажуулсан байна. Тайлант хугацаанд Төвбанк 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2012-2016 онд хуримтлагдсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг 2.8 их наяд төгрөг болгож бууруулжээ. Үйл ажиллагааны үр дүн ашигтай гарахад Монголбанк алт худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлж, нийт 20 тонн алт худалдан авч, алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь үнэт металлын арилжааны орлого нэмэгдэх, нөөц өсөхөд нөлөөлжээ.

Монголбанкны хэвлэлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Ариунаа ярихдаа, "Энэ сард Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох лавлагаанд зарим иргэний мэдээллийг тусгахгүй байх нөхцлийг тодорхойллоо. 2018 оны 2 дугаар сарын 1-нээс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй болон үүрэн эсвэл суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгахгүй болгож хэвийн ангилалд шилжүүлсэн. Программаар шүүхэд нийт 41,085 иргэний мэдээлэл дээрх нөхцлийг хангалаа" хэмээв. 

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн 3 дугаар сарын 28-нд хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээг хийхдээ хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэн баталсан. Үүний үр дүнд 30.55 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжилт Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүлжээ. Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрсэн гэдгийг Монголбанкнаас мэдээлж байна.

Түүнчлэн Монголбанк дэргэдээ Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг шинээр үүсгэн байгуулсан аж. Монгол Улсын хөгжлийн, эдийн засгийн болон санхүүгийн бодлогын шийдвэрт дэмжлэг болохуйц суурь судалгааны ажлуудыг өргөн хүрээнд хийж гүйцэтгэх, төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан дунд болон ахисан түвшний сургалт явуулах юм байна.

Связанные новости