АХБ-наас Монгол Улсад 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-26 10:01:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк (АХБ), Ядуурлыг бууруулах Японы Сангаас Монгол Улсад 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх болж, өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг тусламжийн нэг сая ам.доллараар Монгол Улсын усны засаглалийг бэхжүүлэх чиглэлд техникийн туслалцаа үзүүлэх юм. Энэ хүрээнд усны засаглалийн чиглэлээр одоо хэрэгжиж буй стандартуудад үнэлгээ хийж, хууль, эрхзүйн орчныг сайжруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулахаас гадна томоохон голуудын сав газрын менежментийн төлөвлөгөөг шинэчилэх аж. Мөн усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчдыг чадавхжуулахад зарцуулахаар төлөвлөжээ.
Харин 1.5 сая ам.доллараар “Аймаг, сумын төвүүдэд зориулсан бүсийн хөгжлийн техникийн туслалцааны төсөл” хэрэгжүүлэх аж. Төслийн хүрээнд зарим аймаг, сумын нийтийн аж ахуйн суурь үйлчилгээг сайжруулах, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах чиглэлд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх аж.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, “Усны менежментийг сайжруулж, байгалийн нөөцийн ашиглалтыг зөв удирдах нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлнэ. АХБ-наас олгож буй энэ удаагийн буцалтгүй тусламж Монгол Улсын төрийн үйлчилгээг сайжруулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжих чиглэлд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны зорилготой бүрэн нийцэж байгаа юм” гэлээ.
Санамж бичигт АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, Японы Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фукасава, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү болон Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л. Батжаргал, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган нар гарын үсэг зурав.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости