Сөрөг хүчнийхэн засгийн газрын байр руу орох хаалгыг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-19 14:35:09
ЕРЕВАН. /РИА Новости/. Арменийн Ерөнхийлөгч асан Серж Саргсяныг ерөнхий сайдаар сонгохыг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн яамдын ажилтнуудыг Засгийн газрын байр руу оруулахгүйн тулд нэг байрыг нь хаан жагсжээ.

Эсэргүүцлийн ажиллагааг тус улсын парламентын депутат Никол Пашинян удирдан явуулж байгаа бөгөөд засгийн газрын байрыг цагдаа нар бүслээд байгаа аж.

Арменийн Ерөнхийлөгч асан С.Саргсяныг тус улсын ерөнхий сайдаар сонгогдохыг эсэргүүцсэн ажиллагаа энэ сарын 13-с эхэлсэн юм. Сөрөг хүчнийхэн түүнийг улс орноо удирдах чадваргүй бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлыг дордуулж байна хэмээн буруутгаж байгаа юм. Жагсагчид өнгөрсөн даваа гарагт парламентын байр руу нэвтрэн орохыг завдаж, цагдаа нар тэднийг зогсоосон хэдий ч сөргөлдөөний улмаас хэдэн арван хүн бэртэл гэмтэл авсан юм.

Эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн хэдий ч Арменийн парламент С.Саргсяныг ерөнхий сайдаар өнгөрсөн мягмар гарагт сонгосон юм. Арменийн шинэ үндсэн хуульд зааснаар ерөнхий сайд улс орны хамгийн өргөн бүрэн эрх мэдэлтэй хүн байх бөгөөд тэрбээр төрийн удирдлага болон гүйцэтгэх засаглалыг удирдах юм. 
 
Э.Аянзаяа 
Связанные новости