Даланзадгадад эко автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад эко автобус өчигдрөөс нйитийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ.
Монгол инженерүүдийн хийсэн уг автобус нь байгаль орчинд хор нөлөөгүй гэдгээрээ онцлог юм. Уг автобусыг Номинхолдингийн салбар “Эколог бус” ХХК-ийн хамт олон үйлдвэрлэсэн бөгөөд нэг бүр нь 50 сая орчим төгрөгийн үнэтэй юм. Автобусууд одоогийн байдлаар долоон чиглэлд, хүүхдэд 200, том хүнд 500 төгрөгийн үнээр үйлчилж байгаа ба дөрөвдүгээр сарын дундаас цахим картаар үйлчилдэг болох ажээ.
Агаарын бохирдол ихэсч байгаа энэ үед цахилгаанаар ажилладаг эко автобусыг оруулж ирж байгаа нь давуу талтай юм. Мөн Даланзадгад сумын хувийн таксинаас өөр нийтийн тээвэр үйлчилгээ байдаггүй учраас алслагдсан гэр хорооллоос иргэд, хүүхдүүд ажил, сургуульдаа явах нь хүндрэлтэй байдаг асуудал ийнхүү шийдэгдлээ.
Д.Мишигсүрэн