ӨМНӨГОВЬ: Сурагчдын програмчлалын стандарт мэдлэг, чадварыг хиймэл оюунд суурилан хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-03 11:22:57

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Улаангом Политехник коллежийн нэрэмжит програмчлалын стандарт-X олимпиадыг энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймагт зохион байгууллаа.

 

Тус олимпиадыг Увс аймгийн Боловсролын газраас санаачлан зохион байгуулдаг бөгөөд энэ жил улс даяар цахимаар нээлттэй зохион байгуулснаараа онцлогтой. Олимпиадад 11 аймгийн 17 багш, 60 суралцагч оролцож, 3 насны ангилалд өрсөлдөж нэгдсэн дүнгээ гаргажээ.

 

Өмнөговь аймгийн 7 сурагч, 1 багшийн бүрэлдэхүүнтэй баг оролцож багш ангилалд Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн мэдээллийн технологийн багш Б.Баярцэцэг тэргүүн байр эзэлж алтан медаль хүртлээ.

 

Олимпиадын зорилго нь сурагчдын програмчлалын стандарт мэдлэг, чадварыг хөгжүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан шалгалт, сорилтын үнэлгээ хийх, шинийг санаачлагч, мэдээллийн технологийн багш, сурагчдыг дэмжих, цаашдын улсын төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг хангах юм.

 

Өмнөговь аймгийн хувьд ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургууль болон Полтехникийн мэргэжлийн коллеж хичээлийн хөтөлбөртөө тусган мэдээллийн технологи, шинжлэх ухаан, цахим техник, хиймэл оюун ухааны чиглэлээр сургалт зохион байгуулж байгаа нь сурагчид энэ хөгжлийн хэмнэлд хөл нийлүүлэн урагшлах боломжоор бүрэн хангагдаж байна.  

Связанные новости