ӨМНӨГОВЬ: Эрчим хүчний инженер мэргэжлээр тэтгэлэгтэй суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-02 14:50:26

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд Даланзадгад хот БНСУ-ын Жонбук мужтай хамтран ажиллаж байна.


Энэ хүрээнд Даланзадгад сумын 25 оюутныг сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр Пижон их сургуульд 50 хувийн тэтгэлэгтэй сургахаар батламжийг нь гардуулан өглөө.


Говийн бүсийг сэргээгдэх эрчим хүчний төв болгохоор зорин ажиллаж байгаа бөгөөд оюутнууд эрчим хүчний инженер мэргэжлээр 4 жилийн хугацаанд суралцаж ирээд орон нутагтаа ажиллах юм.


Хамтын ажиллагааны хүрээнд боловсролын салбараас гадна эрүүл мэнд, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбаруудад төлөвлөгөөт ажлуудыг хийхээр төлөвлөж байна.  


Пижон их сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний тэнхимийн эрхлэгч Ким Кюүмэ:

Би Пижон их сургуулийн сэргээгдэх эрчим хүчний тэнхимийн эрхлэгчээр ажилладаг.


Бид энэ удаа зочлохдоо 2025 оны 4 дүгээр сард Пижон их сургууль болон Даланзадгад хотын хамтын ажиллагааны хүрээнд хаврын элсэлтээр 50 хувийн тэтгэлэгтэй хамрагдах 25 оюутнуудыг шалгаруулан батламж гардууллаа.


Үр дүн нь юу вэ гэвэл, говийн бүсийг сэргээгдэх эрчим хүчний төв болгож байгаатай холбоотойгоор нар болон салхины үүсгүүртэй цахилгаан эрчим хүчний мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлж байгаа юм.


Манай Флей их сургуулиас хамтран ажиллаж байгаад баяртай байгаа. Бидний хамтын ажиллагаа үр дүнгээ өгч, улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. 



Тэтгэлэгт хамрагдсан оюутан А.Баатар:

Би Өмнөговь аймгийн Политехник коллежид цахилгаан техникчээр 1,5 жилийн хугацаатай А.Отгонбат багшийнхаа удирдлага дор суралцаж байна.


Манай сургууль дадлагын болон сургалтын байртай. Мөн хичээлийн хөтөлбөрүүд жилээс жилд шинэчлэгдээд явдаг.


Энэ жил БНСУ-ын Жонжу хотхонд байрлах сургуулийн сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр дөрвөн жилийн хугацаатай 50 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах болсондоо маш их баяртай байна.


Энэ боломжоор олгож өгсөн Даланзадгад сумын удирдлагууд болон сургуулийн удирдлага хамт олондоо маш их баярлаж байгаагаа илэрхийлж байна.


Тэтгэлэгт хамрагдсан оюутан Г.Билгүүн:

Би  Өмнөговь аймгийн Полтехникийн коллежид 2,5 жилээр цахилгаанчин мэргэжлээр төгсөөд үргэлжлүүлэн техникчээр 1,5 жилээр суралцаж байгаа.


Даланзадгад сум болон БНСУ-ын Жонбук мужийн хамтын ажилгааны хүрээнд хөнгөлөлттэй суралцахаар болсондоо талархаж байна.


Маш том боломж олдсон болохоор өөрийгөө бүрэн дайчлан суралцах нь чухал гэж ойлгож байгаа. Бүх чадвараа гарган хичээнэ. Тиймээс би хүмүүсийн итгэлийг алдахгүй байх хэрэгтэй.


Тэнд дөрвөн жил суралцаад ихийг сураад монголдоо ирж зорилготой ажиллаж хөдөлмөрлөнө. Та бүхэндээ маш их талархаж байгаагаа дахин илэрхийлье.


Связанные новости