Урьдчилан сэргийлэхэд хөрөнгө гаргахгүй бол хүний амь эрсэдсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-16 16:16:04
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Талханд гараад хүнсний дэлгүүрт хальтирч унаад амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг  гарсан байдаг. Тухайн өдөр камер ажиллаагүй хэмээн дэлгүүрийн эзэн гүрийж, үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй гээд ажил, хичээлдээ явах гэж гараад ар гэртээ очоогүй олон эмгэнэлт  баримт хөвөрсөөр... Эрдэнэт хүний амь насны цаана өнчрөл, уй гашуу, амьдралын баталгаа гээд маш олон урхаг хүлээдгийг нийгмээрээ ярьдаг ч осол эндлийг халах дорвитой шийдэлд хүрээгүй хэвээр байна.

Тэгвэл Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс энэ оны хоёр дахь удаагийн  хэлэлцүүлгээ хүн юугаар ч  орлуулшгүй “эдийн засаг” гэдэгт төвлөрч “Аюулгүй ажиллагаа-ашиг олохоос чухал” сэдвийг хөндлөө.
Хэлэлцүүлгийг “Өөрчлөгч” клубын гишүүн, Hunnu.mn сайтын сэтгүүлч Ц.Соёлмаа удирдан явуулав.
Харин хэлэлцүүлгийн зочдоор МХЕГ, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Ц.Нацагдорж, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Гэрэгэ Группийн ХАБ-ын зөвлөх Л.Ургамал нарын хүмүүс уригдсан юм.
 

ӨНГӨЛСӨН ЧУЛУУГААР ХИЙСЭН ШАТ,  ЗАМААС БОЛЖ ОСОЛ ИХЭЭР ГАРЧ БАЙНА




МХЕГ, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, “МХЕГ өмнө нь 10 салбараар ослын мэдээ гаргадаг байсан. Харин одоо  21 салбараар гаргаж байна. Өөрөөр хэлбэл тухайн осол ажлын байранд юм уу эсвэл гудамж талбайд уу гэдгийг нарийвчлан гаргана гэсэн үг. 2016, 2017 онуудад гарсан үйлдвэрлэлийн ослын дийлэнх нь  худалдаа аж үйлдвэрийн салбарт зонхилж байна. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт осол ихээр гарч байгааг статистик мэдээллээс харж болох юм. Тухайлбал 2017 онд  сургуулийн орчинд буюу зориулалтын бус шат, тавцны улмаас  хальтирч бэртэх ослууд их гарсан байдаг.  Үйлдвэрлэлийн осол өнгөрөгч онд нэмэгдэхэд  Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт гарсан хоолны  хордлого голлон нөлөөлсөн.  Нийт ослын тухайд 43-50 хувь нь албан газар буюу ажлын байранд гарсан байна. Ослын 142 хөнгөн, хүнд ослын тоо  2016 онд 159 байсан бол 2017 онд 185 болж өссөн. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тогтоосон  стандартын дагуу хүнд, хөнгөн ослыг тогтоодог. Гурван хоногт хөдөлмөрийн чадвар  сэргээгүй тохиолдолд хүнд осолд тооцогдох жишээтэй. Ослын улмаас нас баралтын тоо  өмнөх оноос буурсан бөгөөд осолд өртөгсдийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд төдийгүй хөдөлмөрийн насныхан эзэлж байна.  Үүнийг шалтгаанаар нь авч үзвэл унаж бэртэх осол нэлээд хэсгийг эзэлж байгаа юм. Энэ  нь шат, тавцанг өнгөлсөн чулуугаар хийж байгаатай холбоотой. Барилгын салбарт 2016 онд 8, 2017 онд 6 осол бүртгэгдсэн нь тухайн жилүүдэд барилгын ажил бага өрнөсөнтэй холбоотой. Осол гэмтэл гарч байгаа шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага зохион байгуулалтыг  хангалтгүй хийж ирснээс үүдэлтэй. Мөн тухайн ажлын байранд эрсдлийн үнэлгээг хэр зэрэг үнэн хийснээс шалтгаалж байна. Осол нэмэгдээд байгаа  аж ахуйн нэгжүүдэд судалгаа хийхэд эрсдлийн үнэлгээг хийхдээ зөвхөн ил аюулын үнэлгээг  хийдэг нь илэрсэн. Гол нь  цаана нуугдаж байгаа болон даамжирч болох эрсдлийн үнэлгээг хийхгүй байгаа нь ослын тоог нэмэх шалтгаан болж буй юм.

ЭРСДЛИЙН АНХААРУУЛГА, ЗААВАРЧИЛГАА ӨГӨХ ҮҮРГЭЭ  БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА

“Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Ц.Нацагдорж,-Дулааны 4 дүгээр цахилгаан станцид  хурц уурын шугамд гарсан ослыг тогтоохоор ажиллаж байсан залуу түлэгдэж амь насаа алдсан эмгэнэлт явдал гарсан. Хурц уурын 560 хэмийн халуун 140 ат. даралттай учир ямар ч хүн энд тэсэх боломжгүй. Дээр Д.Бямбасүрэн байцаагчийн хэлсэнчилэн нуугдаж байгаа болон даамжирч болох эрсдлийн үнэлгээг хийж урьтач арга хэмжээ авах шаардлагатай бид нүүр тулж байна.  Дулааны 4 дүгээр цахилгаан станцын хувьд хурц уурын шугмын насжилтаас шалтгаалсан. Өөрөөр хэлбэл 40 жил явсан шугам ямар байх билээ. Ийм хугацаанд эдэлсэн автомашины элэгдэл ямар хэмжээнд байх вэ гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тиймээс осол аваар гарахаас өмнөх арга хэмжээнүүдийг тухайн байгууллага, аж ахуйн нэгжүүд аваад хэвшчихвэл хүний амь эрсдэх явдал багасна.  Гадны жишгээс харахад ажилчин ажлын байран дээр алдаа гаргасан тохиолдолд ажил олгогч болон компани хариуцлага хүлээж мөнгөн төлбөр төлдөг.  Харин осол гаргасан ажилчин ямар ч хариуцлага хүлээдэггүй. Учир нь тухайн компани хууль, дүрэм, журмыг  ажилчиддаа тайлбарлан таниулж сургалтад хамруулахын  зэрэгцээ  ажил эхлэхийн өмнө бүх ажилтнуудад гарч болох аюул эрсдлийн талаар анхааруулга, зааварчилгаа өгөх үүргээ сайн биелүүлдэг. Гэтэл манайд энэ үүрэг төдийлөн сайн биелэхгүй байна. Гадны орнуудад компанийн аюулгүй ажиллагаа хариуцсан менежер  үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллахыг чухалчилдаг гээд олон талын хөшүүргүүд бий.
 

МОНГОЛ УЛС ХАМГИЙН СТРЕССТЭЙ  ДӨРВӨН ОРНЫ НЭГЭЭР ТОДОРСОН




МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа, “Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буй “Өөрчлөгч” клубын хамт олонд талархаж байна. Өнөөдөр тулгамдаж буй асуудал бол хөдөлмөрийн насны хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг ажлын байранд хамгаалах, энэ хүрээнд гарч буй осол гэмтлийг бууруулах явдал юм. Үйлдвэрлэлийг аюулгүй удирдах зарчим  1900 оны эхээр Америкийн Гангын үйлдвэрүүд дээр гарснаар эхэлдэг. Гэтэл манайхан энэ аюулгүй удирдах зарчмыг уриа мэт ойлгодог нь харамсалтай. Тухайн компани дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн удирдах вэ гэдгийг чухалчлах ёстой. Америкийн гангийн  үйлдвэрүүдэд гарсан туршлага бол аюулгүй хөдөлмөрийг зохион байгуулах замаар орлого ашгаа нэмэгдүүлэх нь хамгийн зөв шийдэл хэмээн удирдлагынхаа зарчмыг өөрчилсөн. Тиймээс манай компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдалд хандах хандлагаа өөрчлөх ёстой гэдэгт  төвлөрч, соён гэгээрлийн ажлыг ихээр явуулах шаардлагатай. Соён гэгээрүүлэх ажилд хэвлэл мэдээллийнхэн идэвхийлэн оролцох нь ослын тоог бууруулах нэг хөшүүрэг. НҮБ-ын гишүүн орнууд Зохистой хөдөлмөр гэсэн томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Зохистой хөдөлмөрийн үндсэн шалгуур нь эрүүл аюулгүй ажлын байр юм. Эрүүл аюулгүй хөдөлмөр  гэдгийг дөрвөн үндсэн шалгуурт хамруулдаг. Нэгдүгээрт ажилчдын үндсэн эрх хангагдаж байна уу гэдгийг ажил олгогчдоос шаардах эрхтэй. Хоёрдугаарт амьжиргаа хангахуйц цалинтай бүтээмж бүхий ажлын байр. Өнөөдөр Монголын таван хүн тутмын нэг нь ядуурлын түвшнээс доогуур, 3 хүн тутмын нэг нь орлогын эх үүсвэртээ сэтгэл дундуур байна. Монгол Улс 2017 онд гаргасан олон улсын судалгаагаар хамгийн стресстэй  4 орны нэгээр тодорсон. Энэ бол ажилгүйдэл, цалин орлогын хомсдлоос үүдэж осол гэмтэл ихээр гарч байна гэж дүгнэж болох юм.

ХҮНИЙ АМЬ ЮУ ЮУНААС ИЛҮҮ ЧУХАЛ




"Гэрэгэ" группийн ХАБ-ын зөвлөх Л.Ургамал,”Миний хувьд нэлээн олон жил ХАБ-ын байцаагчаар ажилласан. Ослыг гаргахгүйн тулд тухайн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг ослоос урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг яс маханд нь шингэтэл ойлгуулмаар байна. Эндээс ажил эхлэх ёстой. Өнөөдөр ХАБ-ын мэргэжилтэн байгаад удирдлага ХАБ-аас урьдчилан сэргийлэхэд зориулж хөрөнгө гаргахгүй бол хүний амь эрсэдсээр байх болно.Стандарт хангасан сайн чанарын каск хэрэглээгүйгээс болж амиа алдсан түүх санхүүжилтийг шийдэж өгөөгүйтэй холбоотой. Залуухан ид ажиллаж хөдөлмөрлөх насандаа ажлын талбарт амь алдсан эмгэнэлт явдлуудад олон удаа очиж, өр эмтэрч байсан хүний хувьд ХАБ-ыг хамгийн түрүүнд чухалчилан үзэх ёстой гэдгийг хэлсээр ирсэн. Төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, ажилчин арми бүгд энд анхаарч дор бүрнээ үүргээ сайн биелүүлэх шаардлагатай бид тулгарч байна. Эрдэнэт хүний цаана ижий аав, бяцхан үрс, жирэмсэн эхнэр байгаа. Наад зах нь тэд  тэжээгчээ алдана, сэтгэл санааны гүн хохирол амсана, үлдэж буй үр хүүхдийн цаана хойт аав, ээжийн амьдрал хүлээхээс эхлээд нийгэмд маш олон сөрөг үр дагавар гарна гэдгийг ажил олгогч цаг ямагт бодож, хариуцлагатай хандах ёстой. Хүний амь юу юунаас  илүү чухал.
 

ОСЛЫН ДААТГАЛЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРС ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ

  Ослын тоог бууруулахын тулд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын тоог нэмэгдүүлэх нь чухал. Яагаад осол гараад байна вэ гэхээр хяналт тавьдаг байцаагчид нь хүрэлцэхгүй байгаа. Түүнчлэн Улсын байцаагчид хөдөлмөрийн хяналтыг ямар ч байгууллагад  ороод шалгадаг эрхийг өгөх хэрэгтэй. Өнөөдөр заавал дээрээс удирдамж авч шалгадаг системийг өөрчлөх ёстой. Сүүлийн 10 жилд нэг ч хөдөлмөрийн аюулгүй байдлын шалгалт хийгдээгүй сургуулиуд,  эрүүл мэндийн байгууллагууд хүртэл бий. Нөгөөтэйгүүр  хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны эрх зүйн орчин  Монголд сул байна. Манай улсад осол гарсан хойно нь ярьдаг бол гадныхан үүнээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө мөнгө хаядаг. Ажлын талбарт  ХАБ орхигдсоноос болж хүний амь эрсдсээр байна гэдэгт оролцогсод санал нэгдсэн юм. Түүнчлэн оролцогсод ослын даатгалын сангийн үйл ажиллагааг эрс өөрчлөх шаардлагатай гэдэгт төвлөрлөө. Эдүгэ ажил олгогч Ослын даатгалын санд нийт ажиллагсдынхаа цалингийн сангийн 1 хувьтай тэнцэх даатгалын мөнгө төлж байна. Тэгвэл энэ даатгалын хөрөнгийг нөхөн олговор, хохирол барагдуулахад зарж буй юм. Харин хөдөлмөрийн нөхцөл байдал зөв хандлагатай оронд осолд оруулчихаад нөхөн сэргээх зардал гаргах бус осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд  мөнгө зардаг. Улмаар осол гэмтэл гарахад тухайн  орон нутгийн удирдлага хариуцлага хүлээдэг систем манайд дутагдаж буйг салбарынхан онцоллоо. Гадны орнуудын жишгээс үзвэл тухайн бүс нутагт хальтиргаа гулгаа, барилга, уул уурхайд осол аваар гарч хүн эндэхэд орон нутгийн удирдлагуудыг огцруулсан түүх ч бий аж. Тиймээс Монгол Улс хаана хаанаа хариуцлагын тогтолцоог бий болгож эрдэнэт хүн амь эрсдэх явдлыг зогсоох нь зүйтэй гэдэгт “Аюулгүй ажиллагаа-ашиг олохоос чухал” хэлэлцүүлгийн агуулга чиглэсэн юм.
Б.Заяа
Связанные новости