Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани давхар бүртгүүлэх хүсэлтээ ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-13 17:15:23
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д үнэт цаасаа давхар бүртгүүлэх хүсэлтээ  ирүүлжээ.

Энэхүү хүсэлтийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь холбогдох журмын дагуу ажлын 15 хоногт хянан шийдвэрлэх аж.

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга нь 2013 онд батлагдсанаар үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчин  бүрдсэн. Үнэт цаасны давхар бүртгэл нь гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани, дотоодын биржид бүртгүүлж үнэт цаасаа арилжих, дотоодын биржид бүртгэлтэй компани  гадны биржид бүртгүүлэх ажиллагаа юм. Тус ажиллагааг зохицуулах нарийвчилсан журам болох “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”-ыг Санхүүгийн зохицуулах хороо болон “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг боловсруулж, баталснаар давхар бүртгүүлэх нөхцөл бүрдсэн.

Үнэт цаасны давхар бүртгэлийг зохицуулах зохицуулалтыг тусган “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг шинэчлэн боловсруулж, өнгөрсөн сараас эхлэн мөрдөж байгаа юм. 
Б.Заяа
Связанные новости