Ам.доллар төгрөгийн эсрэг 25 төгрөг 74 мөнгөөр суларчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Монголбанкны зарласан ханшаар өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд ам.доллар 2423 төгрөг 37 мөнгөтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар ам.доллар 2397 төгрөг 63 мөнгө болжээ. Ингэснээр ам.доллар сарын хугацаанд төгрөгийн эсрэг 25 төгрөг 74 мөнгөөр сулраад байна.
Өнөөдрийн байдлаар Төрийн банк ам.долларыг 2395 төгрөгөөр худалдан авч, 2404 төгрөгөөр борлуулж байгаа бол Голомт банк 2400 төгрөгөөр худалдаалж байна. Харин Найман шарга зах дээр ам.долларыг 2392 төгрөгөөр худалдан авч, 2400 төгрөгөөр борлуулж байна.
Түүнчлэн өнгөрсөн сард Төвбанкны ханшаар 382 төгрөг 62 мөнгөтэй тэнцэж байсан юань өнөөдрийн байдлаар 377 төгрөг 69 мөнгө хүрч 4 төгрөг 93 мөнгөөр суларчээ. Тэгвэл рубль энэ сарын эхээр буурч байсан бол өнөөдрийн зарласан ханш 42 төгрөг 55 мөнгөтэй тэнцэж байна. Найман шарга зах дээр юанийг 380.30 төгрөгөөр, рублийг 43 төгрөгөөр борлуулж байна.
Б.Заяа