Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бага хүүтэй зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-18 15:36:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Азийн сантай хамтран КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр, Голомт банк, Голомт капитал, Хөгжлийн шийдэл ТББ, МҮХАҮТ байгууллагуудтай хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг  хэрэгжүүлж байна.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой дээрх төслийг хэрэгжүүлээд даруй нэг жил гаруй болжээ. Төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн шилдэг санаа, шалгарсан төслийг 4 сарын турш Инкубатор төвд бойжуулдаг бөгөөд тухайн бизнес эрхлэгчийг өөрийн бизнесээ амжилттай удирдахад нь тус болох бүх төрлийн сургалтад хамруулахаас гадна бүтэн жилийн турш зөвлөгөө өгч ажилладаг. 

Үүний үр дүнд нийт 4 ээлжинд  32 эмэгтэй ажил, амьдралдаа дэвшил гаргах бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон бөгөөд эхний санхүүжилтийг Азийн сангаас олгожээ. 
Харин Голомт банк нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-гийн зах зээл дэх хамгийн бага хүү болох  жилийн 8.4 хувийн хүүтэй зээлийг олгох батламж гардуулав.

Уг бизнесийн зээл нь хувь хүнд 10 сая төгрөг, ААН-д 20 сая төгрөг хүртэлх зээл олгох аж.
 Б.Заяа

Связанные новости