Цахим төлбөр тооцооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-03 18:11:00

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, энэ талаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.


Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлүүдийг Монгол Улс амжилттай даван туулж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг бүрэн сэргэсэн хэдий ч гадаад орчны нөхцөл тодорхойгүй байгааг тодотгов. Тиймээс 2024 оны эдийн засгийн гүйцэтгэлийг цаашид тогтвортой хадгалах нь маш том сорилт болох төлөвтэй байгааг дурдаад энэ нөхцөл байдалтай уялдуулан Төв банк дотоод эдийн засагт бодлогын тохируулга хийж байгаа гэв.


Манай улсын эдийн засаг 2023-2024 онд зудын хүндрэлтэй нүүр тулж, хөдөө аж ахуйн салбар хоёр жил дараалан агшсан. Үүнээс шалтгаалан малчдын зээлийн эргэн төлөлт доголдох, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурах, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл үүссэн байна. Энэхүү хүндрэлийг зөөлрүүлэх, малчдын төлбөрийн чадварын эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк 2024 онд бодлогын хүүг үе шаттайгаар бууруулж 10 хувьд хүргэжээ. Түүнчлэн эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.


Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого үр дүнгээ өгч, инфляц 2024 оны туршид Төв банкны зорилтот интервалд хадгалагдсан нь эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлсэн гэв. Гадаад эрэлтийн таатай нөхцөл байдал үргэлжилж, экспортын орлого нэмэгдэж байсан таатай боломжийг ашиглан гадаад валютын улсын нөөцийг 2024 онд түүхэн дээд хэмжээнд буюу 5.5 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа.


Цаашлаад Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний ашиглалтын үлдэгдлийг 2 дахин бууруулж, гадаад өрийн дарамтыг багасгасан гэв. Эдийн засаг тогтворжиж, гадаад төлбөрийн чадвар сайжран, инфляц зорилтот түвшинд хүрч буурсныг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд эергээр үнэлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хүргэн нэг шат ахиулжээ. Ингэснээр Засгийн газар болон хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зах зээлээс таатай нөхцлөөр өртөг багатай санхүүжилт татах боломж бүрдэж байгаа аж.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах, банкуудын засаглалыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк банкны хяналт шалгалтын бодлого, зохицуулалтыг орчныг тасралтгүй сайжруулан ажиллаж байгаа аж. Үүний үр дүнд банкны салбарын актив хөрөнгө 2024 оны эцсийн байдлаар 25.1 хувиар буюу 14.3 их наяд төгрөгөөр өсөж, 71.4 их наяд төгрөгт хүрсэн. Чанаргүй зээлийн хувь хэмжээ 4.4 хувьд буюу 2015 оноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ.


Монголбанк цахим төлбөр тооцооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаагаа Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулсан. Үүний нэг жишээ нь олон улсын стандарт, шаардлагыг хангасан Apple Pay үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, Монгол Улсын цахим төлбөрийн экосистемийг шинэ түвшинд хүргэх эхлэлийг тавьсан байна. Түүнчлэн зээлийн мэдээллийн шинэчилсэн стандарт, зээлийн онооны тогтолцоог нэвтрүүлэх чиглэлд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллаж, FICO зээлийн онооны системийг Монголд анх удаа нэвтрүүлжээ.


Ингэснээр зээлийн эрсдэлийн зардлыг хавтгайруулан зээлийн хүүнд шингээдэг бус зээлдэгч бүрийн онооноос хамаарч, зээлийн хүү ялгаатай тогтдог шинэ тогтолцоонд шилжих ажлыг Монголбанкнаас дэмжин эхлүүлсэн гэв. Цаашид эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагааг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк бодлого, үйл ажиллагаагаа тууштай чиглүүлэн ажиллахаа танилцуулгынхаа төгсгөлд хэлсэн. Үйл ажиллагааны тайлангийн хамт санхүүгийн тайлангаа танилцуулсан. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн эцсийн санхүүгийн тайланг олон улсын аудитын P&C компани баталгаажуулсан бөгөөд алдагдлыг 300 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.


Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, тус банкны Хяналтын зөвлөлийн санал зөвлөмжийг сонссонтой холбогдуулан Ирээдүйн өв сангийн валют болон тус банкны Төрийн сангийн дансан дахь хуримтлал, Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, гүйцэтгэл болон Үндэсний баялгийн сангийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах саналыг Р.Сэддорж дарга танилцууллаа.


УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн тус саналыг гаргасан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд О.Батнайрамдал, Б.Жаргалан, П.Батчимэг, М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин нарын гишүүд ажиллахаар боллоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн гаргасан саналын дагуу ипотекийн зээлийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Связанные новости