Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататгахын чухлыг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландаутай энэ сарын 25-нд уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн
гуравдагч хөршийн түншлэлийг улам бататгахын чухлыг онцолж, худалдаа, хөрөнгө
оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэс баялаг, эрчим
хүчний салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог
бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Мөн Монгол Улсын
Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хамтран хэрэгжүүлж буй хоёр
дахь Компакт гэрээний хэрэгжилтийн талаар ярилцав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалууд тогтмолжиж буйг сайшаан тэмдэглэж, хоёр талын яриа хэлэлцээний механизмуудаар дамжуулан хамтын ажиллагааны агуулга, цар хүрээг баяжуулахын төлөө буйгаа илэрхийлэв.