Монгол-Буриадын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-18 15:18:05
Улаанбаатар/МОНЦАМЭ/. МҮХАҮТ, ОХУ-ын Буриад Улсын худалдааны төлөөлөгчийн газартай хамтран “Буриадын хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт бизнес-уулзалтыг "Блью скай" зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Бүгд найрамдах Буриад улсын төрийн тэргүүн Алексей Цедыновын Монгол Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулсан тус уулзалтад хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн сайд тэргүүтэй албаны болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов.



Буриад улсын төрийн тэргүүн Алексей Цедынов уулзалтыг нээж хэлэхдээ, Буриад улс ОХУ-ын Стартап, инновоцийн технологийн төв болох томоохон зорилго  тавьсан. Манай хоёр улс хөрш зэргэлдээ оршдог бөгөөд  байгаль орчин, хөдөө аж ахуй, тээвэр ложистик гээд олон салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Өнөөдөр манай бизнесийнхэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулахаар хүрэлцэн  ирсэн. Эдгээр төслүүд дээр харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэв. 


“Сүүлийн үед Монгол-Оросын хамтын ажиллагаа идэвхтэй өргөжиж байна. Бид 2015-2017 онд томоохон хэд, хэдэн үйл ажиллагааг  амжилттай хамтран зохион байгуулсан. Өнөөдрийн бизнес уулзалтын зорилго  хил залгаа орнуудын уламжлалт найрсаг харилцааг хэрхэн илүү харилцан ашигтай хамтын ажиллагаа болгон өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх вэ гэдэгт төвлөрнө. Буриад улсад хөрөнгө оруулах нь Монгол Улсад хөрөнгө оруулахтай  агаар нэг юм. Байгаль нуур, Хөвсгөл нуур хүйн холбоотойн адил хоёр улс хамтран дэлхийн зах зээлээс хөрөнгө оруулалт татаж хамтдаа хөгжих боломжтой” гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав чуулганы үеэр онцлов.

Бизнес уулзалтын үеэр Буриад улсын зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой Монголын бизнес эрхлэгчдэд зориулан ОХУ-ын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах бичиг баримтууд, аюулгүй байдлын баталгааны талаар мэдээлэл өгч Монголын бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад холбогдох албан тушаалтнууд нь хариулт өгч, санал солилцлоо. 

Мөн хоёр талын уулзалтуудаар хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах, шинээр өрнөж байгаа бүтээн байгууллалтууд болон хөрөнгө оруулалтын сангуудын дэмжлэг, татвар, даатгалын хөнгөлөлтүүдийн талаар  мэдээлэл өгсөн юм.

Дашрамд дурдахад, "Өнгөрсөн 2017 онд Монгол-Оросын хоорондын худалдааны эргэлт 1,2 тэрбум  ам долларт хүрсэн нь өмнөх онтой харьцуулбал 37 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Үүнээс ОХУ-аас Монголд оруулж байгаа импорт 40 гаруй хувиар өссөн бол Монгол Улсаас ОХУ-д хийж буй экспорт 21,3 хувиар өссөн  байна.
 
Б.Заяа
Связанные новости