Инфляци 6.4 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-16 10:40:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн оны статистик үзүүлэлтийг ҮСХ-ноос танилцууллаа.
 
Инфляци өнгөрөгч онд  2016 оноос 6.4 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Мөн өнгөрсөн 12 дугаар сараас инфляци  0.5 хувиар өссөн байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ ийнхүү өсөхөд хүнсний бараа, тээврийн хэрэгсэл худалдан авах, орон сууц, ус цахилгаан болон бусад түлшний үнэ, боловсролын үйлчилгээний үнэ, хувцас, бас бараа, гутлын үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 11.6 хувиар өсч, хувцас, гутал бусад бараа бүтээгдэхүүний үнэ 4.2 хувиар өссөн байна.

Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг, зарлага, эргэн төлөгдөх зээлийн нийт хэмжээ 8.9 их наяд төгрөг болсон байна. Төсвийн тэнцлийн нийт алдагдал 1.9 их наяд төгрөгөөр буурах гол шалтгаан нь татварын орлого 1.4 их наяд буюу 27.3 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Татварын орлого 6.3 их наяд төгрөг болж өмнөх 2016 оноос 1.4 их наяд буюу 27.3 хувиар өссөн аж. Нийт орлогын 79.6 хувийг татварын орлого, 11.8 хувийг татварын бус орлого, 4.5 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 4.1 хувийг тогтворжуулсан сангийн орлого тус тус эзэлжээ.

Улмаар манай улс өнгөрөгч онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6,2 тэрбум ам.доллар, импорт 4.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ 2016 оноос 2,3 тэрбум ам.доллар буюу 27,3 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Харин гадаад худалдааны тэнцэл 2016 оноос 304 сая ам.доллараар нэмэгджээ. Өнгөрөгч  онд дэлхийн  163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум америк долларт хүрчээ.
 Б.Заяа
Связанные новости