Мөнгөний бодлогын хүүг 11 хувь болгож буурууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-22 14:31:56
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралдаанаар бодлогын хүүг 1 нэгж хувиар буулгаж 11 хувь болгох шийдвэр гаргалаа. 

Бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд хүргэх, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэдэг  бөгөөд эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээдэг.

Улмаар Монголбанкны бодлогын хүүний өөрчлөлт нь Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлого аль чиглэлд өөрчлөгдөж буйг илтгэхийн сацуу банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг. 

Түүнчлэн Монголбанк Төв банкны долоо хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны 7 дугаар сараас бодлогын хүү болгон зарласан. Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд  дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд өөрчлөлт ордог байна.

 Б.Заяа
Связанные новости