СХЗГ Олон улсын Менежментийн тогтолцооны стандартын гэрчилгээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2017-12-18 12:09:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар тус газрын Менежментийн тогтолцоог шинэчилж Францын баталгаажуулалтын байгууллага /AFNOR/-ын үнэлгээтэй, ISO 9001:2015 олон улсын стандартын 2015/68385.2 тоот гэрчилгээг хүлээн авчээ.

Стандарт, хэмжил зүйн газар 2014 оноос эхлэн Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг шуурхай, нээлттэй, ил тод, чирэгдэлгүй болгох, үйлчлүүлэгч хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийх, зорилгоор чиглэсэн чанарын бодлого, зорилтоо тодорхойлж, Менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Францын баталгаажуулалтын байгууллага /AFNOR/-аас гардан авсанаас хойш магадлан аудитад 2 удаа амжилттай хамрагдаж, Менежментийн тогтолцоо тасралтгүй сайжирч байгаа, үр дүнтэй удирдлагын тогтолцоо хэрэгжиж байгаа талаар үнэлгээ өгсөн байна.

Энэ жил СХЗГ Менежментийн тогтолцооны олон улсын стандарт 9001:2015-ын шинэчилсэн хувилбарт шилжих зорилт дэвшүүлж, удирдлага, зохион байгуулалтын иж бүрэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд гэрчилгээгээ хүлээн авсан байна.



Менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр олон улс, бүс нутгийн гишүүнчлэлтэй байгууллагуудын хэмжээнд агентлагийн нэр хүнд статус дээшилсэн, стандартчилал, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн чиглэлээр “Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-т нэгдэн орсон, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг Олон улсад хүлээн зөвшөөрсөн, гадаад хамтын ажиллагааг өргөжин тэлсэн  гээд олон үр дүн байна. Дотооддоо байгууллагын үйл ажиллагаа илүү хяналттай, эмх цэгцтэй, түргэн шуурхай, баталгаа нотолгоотой болж, хэрэглэгч, үйлчүүлэгчийн сэтгэл ханамж дээшилсэн гээд давуу талууд бий болсон.

Цаашид Менежментийн тогтолцооны ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлага дээр үндэслэн Авилгын эсрэг олон улсын менежментийн ISO 37001 стандартыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Н.Туяа
Связанные новости