Хөгжлийн банкны үйл ажиллагаанд аудит хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-15 16:47:36
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Үндэсний Аудитын газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийхээр боллоо.

Өнөөдөр Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг тэргүүтэй албаныхан Хөгжлийн банкны удирдлагуудад аудит хийх ерөнхий төлөвлөгөө, мэдэгдлийг гардуулсан юм.

Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаа үндсэн зорилго чиглэлийн дагуу үр нөлөөтэй зохион байгуулсан эсэх, татан төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай, эрсдэлгүй удирдаж байгаа эсэх, зээл олголтын үйл ажиллагаа үр дүнтэй, хууль журмын дагуу явж буй эсэх, банкны үйл ажиллаагаанд хяналтын үр нөлөөтэй тогтолцоо үйлчилж байгаад хяналт тавих юм байна.

Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг хэлэхдээ, “УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны аудит хийлгэх хүсэлтийн дагуу Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийх гүйцэтгэлийн аудитыг өнөөдрөөс эхлүүлэхээр болж байна. Нийт 8 аудитор 4 зорилтын хүрээнд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Манай аудиторуудын урьдчилсан судалгааны дүнгээр “дунд” гэсэн үнэлгээ авсан” гэлээ.

Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “Хөгжлийн банк урт хугацаанд  юун дээр төвлөрч ажиллах вэ гэдгээ тодорхойлон эрхзүйн орчны шинэчлэл хийх, гадаад бодлого, үйл ажиллагааны найдвартай байдалд анхаарах, эхний ээлжинд төлбөр тооцоог хийж дуусгах, дүрмийн сангаа нэмэгдүүлэх, гадаад валютын ханшийн эрсдэл үүсгэхгүй байх зэрэгт анхаарч ажилласан. Нэн түрүүнд банкны балансын асуудлыг сайжруулахад анхаарч ажилласнаар гадны эх үүсвэрүүдийг хугацаанаас нь өмнө татахгүй байх яриа хэлцлийг хийж, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх шинэчлэлийг эхлүүлж, зээлийн багцын чанарыг сайжруулахад онцгойлон анхаарсан. УИХ, Засгийн газраас “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Түүнчлэн тогтоолоор улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газарт шилжүүлэхээр болж, шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулан шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэлээ. Улмаар Хөгжлийн банк  зөвхөн хөгжлийн хөтөлбөрүүдэд зээл олгох бус дэргэдээ “Ди Би Эм лизинг” ХХК-ийг байгуулсан. Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй “Ди Би Эм лизинг” ХХК-ийн хувьд хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэл, тээврийн салбарт тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг өргөжүүлэхэд чиглэсэн юм. Үүнээс гадна ногоон хөгжлийг урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан” хэмээн ярив.

Дашрамд дурдахад УИХ-аас Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.
Б.Заяа
 Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости