"Амьтанд ээлтэй" байгууллага, иргэдийг олон нийтэд зарлан урамшууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-15 16:07:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ-аас энэ оны амьтанд ээлтэй иргэд, ААН, хамт олон, Хэвлэл мэдээллийн байгууллагуудын шилдгүүдийг тодруулснаа өнөөдөр зарлалаа.
"Амьтанд ээлтэй хүн-2017" шагналын эзнээр гэрэл зураг сонирхогч Г.Батсүх тодров. Тэрээр байгаль, ан амьтан, шувууд, нэн ховор амьтан болох Алтайн угалз, мазаалайг сонирхон судалдаг. Тэдгээр амьтдын амьдралын сонин содон агшин, араншингаар гэрэл зургийн бүтээл туурвиж, фото сурвалжлага, тэмдэглэл хийж олон нийтэд хүргэжээ. "
"Амьтанд ээлтэй удирдагч-2017" шагналын эзнээр НБОГ-ын дарга Э.Баттулгыг, "Амьтанд ээлтэй хамт олон-2017"-оор  Олон улсын Ротари-ийн 3450 дүүргийн Монгол дахь салбар, Амгалан цогцолбор сургуулийн хамт олныг тус тус  шалгаруулав.
"Амьтанд ээлтэй сэтгүүлч-2017"-ээр "ETV" телевизийн сэтгүүлч С.Шүрэнчимэг шалгарав. Тэрбээр энэ онд байгаль экологийн асуудал, тэдгээрт өртөж буй биологийн төрөл зүйлийн талаарх сэдэвтэй 69 нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэсэн юм. "Амьтанд ээлтэй эмэгтэй-2017" шагналын эзнээр "Туул голд минж нутагшуулах төсөл"-ийн зохицуулагч Ю.Дэлгэрмаа тодорлоо.Түүний төсөл нь 2011 оноос одоог хүртэл хэрэгжиж минжний тоо толгой өсчээ. "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг"-ийн тэргүүн С.Дамдинсүрэн "Манай нийгэмлэг 5 дахь жилдээ энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Бид амьтны эрхийг боловсронгуй болгох, эрх зүйн талаас нь хамгаалах чиглэлээр ажилладаг. 2012 онд баталсан амьтаны тухай хуулинд амьтны жам ёсны эрх гэсэн заалтыг тавдугаар бүлэгт оруулж батлуулсан. Одоогоор Монгол тарвагыг нутагшуулах төслийг хэрэгжүүлж байна. Жилдээ 2-3 аймагт тарвага нутагшуулдаг” гэх мэдээллийг өгсөн юм.

 

Ж.Батсайхан

Связанные новости