“Bloomberg Awards 2017”-ын бизнесийн шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-14 10:21:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг дэлхийн хэмжээнд таниулах үүднээс “Bloomberg TV Mongolia” нь “Bloomberg Awards” шагналын эзнийг тодруулах арга хэмжээг 5 дахь жилдээ зохион байгууллаа.

“Bloomberg TV Mongolia” санхүү, эдийн засгийн салбарын гол тоглогчид шударгаар өрсөлдөх нэр хүндтэй,  хүчирхэг индрийг бий болгохыг зорьж буй аж.

“Bloomberg Awards 2017” шилдгүүдийг  “Шилдэг эдийн засагч”, “Шилдэг Гүйцэтгэх захирал”, “Шилдэг хөрөнгө оруулагч”,  “Шилдэг хэлцэл”,  “Шилдэг төсөл”, “Шилдэг бүтээн байгуулалт”, “Шилдэг инноваци”, “Шилдэг менежмент”, “Шилдэг компани” болон “Үзэгчдийн нэрэмжит шагнал” гэсэн 10 төрөлд нэр дэвшүүлэн, тодруулжээ.

“Bloomberg Awards 2017”-ын “Шилдэг эдийн засагч”-аар Хасбанкны Гүйцэтгэх захирал М.Болд тодорсон юм. Тэрээр хэрэглээний болон бизнесийн бүх төрлийн зээлийн хүүг бууруулах, банкны зарим үйлчилгээ болох  ногоон санхүүжилт, ногоон зээлийн чиглэлээр хийсэн ажлуудыг нь ийнхүү үнэлжээ.

Харин “Шилдэг бүтээн байгуулалт”-ын эзнээр "Алтай групп" ХХК хүртлээ. Тус компани Дорнод аймгийн Халх гол суманд жилд 100 мянган тонноор хэмжигдэх тэжээлийн үйлдвэр барьжээ. Дотоодын хэрэглээг бүрэн хангах эл үйлдвэрийг байгуулснаар Монгол Улс өвс, тэжээлээ экспортод гаргах, ялангуяа Зүүн Хойд Азийн хэрэглээний 40-50 хувийг хангах боломж бүрдэж буй аж.



Харин энэ удаагийн “Шилдэг менежмент”-ээр Монголын хөрөнгийн зах зээл дэх томоохон хэлцэл хийсэн “Шунхлай групп”-ийн Ерөнхийлөгч П.Батсайханыг нэрлэлээ. Тодруулбал хоёр жил үргэлжилсэн хэлцлийн үр дүнд “Heineken” компани АПУ-ын хувьцаа эзэмшигч болж, гадны зах зээлд гарах, шинэ "Ноу хау" нэвтрүүлэх боломж бүрдсэн байна. АПУ ХК-ийн захирал "ОХУ болон БНХАУ-ын зах зээлд нийлүүлэлт хийх ажлыг ирэх жилээс эрчимжүүлэхээ"  шагнал гардах үеэрээ тодотгосон.

Тэгвэл энэ оны  “Шилдэг төсөл”-ийн шагналыг "Эко Констракшн" ХХК-ийн "Luxury King Tower Apartment" хүртэв. Тус компани барилгын салбар уналттай үед зөв менежмент баримталж, салбартаа өсөлтөөр манлайлж, Монголд анх удаа "Гурван жилийн хүүгүй графикийн нөхцөл"-ийг санал болгосноороо бусдыгаа тэргүүлжээ.

Хамгийн хүндтэй шагнал болох “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг "Оргил" сүлжээг эзэмшигч СЭЭКЛ компани хүртсэн юм. “Шилдэг инноваци”-ийн эзнээр “Монос” групп шалгарлаа.Тус групп эмийн цогцолбор үйлдвэр байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны шинэ стандартыг тогтоосон гэсэн үзүүлэлтээр шилдэг болжээ.

“Шилдэг хэлцэл” номинацид "Монгол зэс" корпораци тодорсон байна. ОХУ-аас Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирч, гадаад зах зээлд хийсэн Монголын түүхэн дэх хамгийн том худалдан авах ажиллагаа, хэлцэлд тооцогдож ийнхүү хүндтэй шагналын эзнээр тодорсон байна.

“Шилдэг компани”-аар “Алтай Холдинг”  шалгарав. Тус компани “Sky Trading”, “Friendly Mart”, Чингис хаан зочид буудал, “Skytel”-ийг эзэмшдэг бөгөөд 2017 онд  БНСУ-ын жижиглэн худалдааны тэргүүлэгч сүлжээ “E-Mart”-ийг оруулж ирсэн.

Түүнчлэн оны “Шилдэг хөрөнгө оруулагч”-аар "Монголын алт" группийн үүсгэн байгуулагч Б.Нямтайширыг тодрууллаа. 2017 онд "Монголын алт" компани Дорноговь аймагт жилд нэг сая гаруй тонн цемент үйлдвэрлэх чадалтай "МАК цемент" үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.

Ийнхүү хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол Улс руу чиглүүлэх, олон нийтэд бодит дүгнэлт хийх боломжийг  олгох ач холбогдолтой “Bloomberg Awards”-ийн эздийг  тодрууллаа.
Б.Заяа
Связанные новости