“Оюу толгой” ирэх онд үйл ажиллагааны зардалд 700 сая ам.доллар зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-05 17:24:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компани ирэх онд 125-155 мянган тонн  зэс, 240-280 мянган унци  алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

2018 оны эхэн үед ил уурхайн зургадугаар үе шатны хэсгээс олборлолт хийх бөгөөд дөрөвдүгээр үе шатны олборлолтыг жилийн турш үргэлжлүүлнэ хэмээн “Туркойз Хилл Ресурс” компаниас мэдээллээ. Түүнчлэн, хүдрийн овоолгоос хүдэр боловсруулах ажлыг жилийн турш үргэлжлүүлэх аж.

Харин ирэх оны үйл ажиллагааны зардалд 700 сая ам.доллар зарцуулах төлөв гаргасан нь 2017 оны хүлээгдэж буй зардалтай харьцуулбал буурсан үзүүлэлт гарчээ. Түүнчлэн 2018 оны хөрөнгө оруулалтын мөнгөн зардал ил уурхайн үйл ажиллагааны хувьд ойролцоогоор 150 сая ам.доллар, гүний уурхайн бүтээн байгуулалтын хувьд 1.1-1.2 тэрбум ам.доллар байхаар төсөөлөлтэй байна.

Тодруулбал ил уурхайн хөрөнгө оруулалтын зардалд хөрс хуулалтын хойшлуулсан зардал, техник тоног төхөөрөмжийн худалдан авалт, хаягдал хадгалах байгууламжийн барилгын ажил болон засвар үйлчилгээний капиталын зардал багтжээ.

2017 оны төлөвтэй харьцуулбал 2018 оны зардал өсөхөд голлох нөлөө үзүүлсэн  гол хүчин зүйлс нь техник тоног төхөөрөмжийн худалдан авалт болон засвар үйлчилгээний зардлууд багтсан байна.

“Оюу толгой”-н хөндлөн нэвтрэлтийн ажил  ирэх онд 10  км үргэлжлэх аж.  Тус компани гүний уурхайн анхны бүтээгдэхүүнээ ойролцоогоор 2020 оны дунд үед гаргаж, тогтвортой үйлдвэрлэлийн түвшинг 2021 оны эхээр эхэлнэ гэсэн төлвөө хэвээр хадгалж байгааг “Туркойз Хилл Ресурс” компаниас мэдэгдлээ.
Б.Заяа
Связанные новости