Х.Баттулга: Төр нь дэмжихгүй бол Үндэсний үйлдвэрлэл өлгийдөө өтөлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-30 13:20:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго бүхий “Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо”-ны 25 жилийн ойн баярын хурал  өнөөдөр СТӨ-нд боллоо.

Энэхүү чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 500 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцож байна. Хурлын нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Монголын нийт хүн амын талаас жаахан илүүг нь эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм. Үүнийг дагаад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 54.2 хувь  нь эмэгтэйчүүд байгааг Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Монголын нийт ажил олголтын 70 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийн салбарынхны 85 хувь нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд. Өөрөөр хэлбэл, Монголын баялаг бүтээгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд болж байна. Бүсгүйчүүд өдөр бүр шаргуу зүтгэн, уйгагүй хичээж буй ч төрийн эдийн засгийн бодлогын алдаа, макро эдийн засгийн хүндрэл бэрхшээл, банкны өндөр хүү, зээлийн давчуу хугацаа, давхар татварын дарамт зэргийг шийдвэрлэхгүй удсанаас бизнесийн өсөлт удааширч, жижиг, дунд үйлдвэрлэлүүд хөгжихгүй байна. Баялаг бүтээгчдэд учирч байгаа бүх хүндрэлийн уг язгуурт алсын хараагүй эдийн засгийн бодлого, өнөө маргаашийг аргацаасан түүхий эдийн наймаа, нийтийн баялгийг цөөнх шударга бусаар цөлмөн хоослож байгаагаас болж байна. Тиймээс төрийн зүгээс түүхий эдийн наймаагаар гол зогоох явуургүй бодлогоо зогсоож холыг харан, нэмүү өртөг шингээгч, ажлын байрыг олноор бий болгож боловсруулах үйлдвэрүүдийн төслүүдийг бодлогоор хэрэгжүүлэхээс өөр арга зам байхгүй болжээ. Бизнес эрхлэгч бүсгүйчүүдийг дэмжих боломж бол төрийн худалдан авалтыг дотоодын үйлвэрлэл, үйлчилгээгээр бүрэн хангах явдал юм. Төр татвар төлөгчиддөө үйлчлэх ёстой юм бол одоо нэн тэргүүнд дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн барааны импортын татварыг 30 хувьд хүртэл нь нэмэх шийдэл байж болно. Түүхий эдийн экспортын татварыг ч гэсэн эргэн харах, үйлдвэрлэлийг дэмжих тохиргоо хийх шаардлага бодитоор тулгарч байна. Ийм бодитой дэмжлэггүйгээр, тухайлсан бодлогогүйгээр үйлдвэрлэл олигтой торнихгүй, бойжихгүй. Төр нь дэмжихгүй бол Үндэсний үйлдвэрлэл өлгийдөө өтөлж эхэллээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс та бүхэнтэйгээ хамтран эдийн засгийг олон тулгууртай болгох бодлого руу Засгийн газрыг шахаж, инновацид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тогтвортой өсөлт, хангалттай тооны ажлын байрыг бий болгохын төлөө чадах бүхнээ хийнэ, чадахгүй зүйл тулгарсан ч чадах, давахын төлөө зүтгэнэ. Урьд урьдын Ерөнхийлөгч нараас ялгаатай нь би бизнесийн салбараас гарсан хүн. Ганзгын наймаанаас эхлээд үйлдвэр эрхэлж, татвар төлж, цалин тавьж явсан. Ийм хүн Ерөнхийлөгчөөр гарч ирснийг манай бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ашиглах ёстой. Бизнест учирдаг бүхий л зовлонг мэддэг учраас, энэ зовлонг ойлгодог учраас та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа. Эмэгтэйчүүдийн зовлон эрэгтэйчүүдийнхээс өөр. Үр хүүхдээ асрах, хооллох, үүний зэрэгцээ бизнес эрхлэх, олон хүний цалин тавих, татвар төлөх гээд эмэгтэйчүүдийн ачаа, дарамт эрэгтэйчүүдийнхээс их. Үүнийг даван туулж яваа та бүхэнд дахин баярын мэнд хүргэе” гэв.

Хуралд Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Эдгээр төлөөллүүд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд шургуу ажилласны хүчинд экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж байгааг онцолж байлаа. Харин бараа бүтээгдэхүүнээ гадаадад борлуулах чиглэлд маркетиг, зар сурталчилгааны бодлого орхигдож байгааг хэлж байсан юм. Тиймээс зар сурталчилгааны чиглэлд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, БНЭУ-ын Засгийн газрын институтын багш, мэргэжилтнүүд хуралд оролцогчдод экспортын маркетингийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөхөд бэлэн гэдгээ дурьдсан юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости