Монгол улсын хилээр жилд дунджаар нэг сая гаруй гадаад иргэн орж ирдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-03 14:10:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад хэргийн яам,  Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газраас хамтран зохион байгуулж буй "Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-нд үргэлжилж байна.
ГИХГ-ын дарга Д.Мөрөн илтгэлдээ "Хүн амын гурван хувиас хэтрэхгүй гадаадын иргэн Монголд түр оршин суух эрхтэй. Манай улсад хамгийн олноор түр оршин суудаг иргэд гэвэл БНХАУ, БНАСАУ, ОХУ, Вьетнам улсын 93 мянган иргэн бий. Монгол Улсын хилээр жилд дунджаар нэг сая гаруй гадаад иргэн орж, гардаг. 2016 онд 471.3 мянган иргэн хилээр орж ирсний 404 мянга нь жуулчид байв. БНХАУ, БНАСАУ, ОХУ-аас жуулчны визээр орж ирсэн иргэд хууль бусаар барилгын салбарт ажиллах нь ихэссэн. Гэвч монголын зарим аж ахуйн нэгж, компаниуд гадаад иргэдийг зам, барилгын талбайд ажиллуулахаар  эх орондоо авчирсан хойноо хууль зөрчиж, гадаад иргэдийн эрхэнд халдах тохиолдол нэмэгдсэн" гэдгийг онцлон дуулгалаа. Тэрбээр цааш нь, визний журам зөрчиж, хараар хөдөлмөр эрхэлсэн иргэдийг Гадаадын иргэн, харьяатын газар Монгол Улсаас албадан гаргадаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд 649 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. Тодруулбал, 2015 онд 18 орны 188 иргэнийг, 2016 онд 25 орны 313 иргэнийг тус тус албадан гаргасан байна. Харин 2017 оны эхний зургаан сард 148 гадаадын иргэнийг албадан гаргасан гэв.  Монгол Улсаас албадан явуулсан иргэдийн 80 хувь нь аяллын визээр орж ирчихээд хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэргээр зөрчил гаргажээ. Сүүлийн жилүүдэд албадан гаргасан гадаад иргэдийн тоо буурсныг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хэлэв. Түүний ярьснаар, гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой гадаад иргэдийн Монгол Улсад зорчих хөдөлгөөн багасчээ. Мөн удаа дараа зөрчил гаргасан 20-30 мянган хятад иргэнийг Монгол Улсын хилээр давах эрхийг нь 10 жилээр хязгаарлаж, хориг тавьжээ. Харин БНХАУ-ын хилээр нэвтэрдэг  монгол иргэдийн тоо жилд дунджаар 1.5 сая байдаг аж. Тэгвэл нэг жилд 13 мянган хятад иргэн Монгол Улсын хилээр орж ирдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хоёрдугаар  нарийн бичгийн С.Заяа дуулгасан нь  нь хоёр улсын хилийн орж, гардаг иргэдийн тооны хувьд монголынх хятадынхаас 10 дахин их байна гэсэн үг юм байна. Үдээс хойшхи хурлаар БНХАУ-ын талаас монгол иргэдийн хил нэвтрэх, хятад улсад зорчиж буй байдлын талаарх илтгэлийг хэлэлцэх юм. 
 

Ж.Батсайхан

 

Связанные новости