Хүүхэд харах үйлчилгээнд дэмжлэг хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-02 16:37:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Хүүхэд ,харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо"-ноос   өнөөдөр  мэдээлэл хийлээ. УИХ-аас баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжээд бараг хоёр жил болох гэж байгаа ч амьдралд хэрэгжилт муу байгааг онцлов.
Тус холбооноос Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,  Боловсрол соёл,шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороо,УИХ-ын өргөдлийн байнгын хороонд шаардлага хүргүүлэх гэж буйгаа мэдэгдлээ. Цэцэрлэгт хамарч чадахгүй байгаа  73524 хүүхдийг  эрүүл аюулгүй орчинд харах үйлчилгээг дэмжин, 2018 онд төсөвлөсөн мөнгийг цаашид нэмэхийг шаардаж байна. Шаардлагын хариуг 11 дүгээр сарын 8-наас хэтрүүлэхгүй авна гэв. Тус холбооны  ажлын хэсгийн ахлагч Б.Мягмардорж "Өмнөх Засгийн газрууд байнга хааж хавчина, эрхийг чинь хасна гэж дарамталдаг байсан. Хүүхэд харах үйлчилгээний 80 гаруй газрыг элдэв шалтгаанаар дарамталсаар байгаад  хаалгасан. Нэг ангид таван хүүхэд суудаг. Гэтэл  долоон хүүхэд  байна  гэсэн шалтгаанаар хүүхэд харах үйлчилгээний газыг хаасан тохиолдол байгаа. “Хүүхэд  харах үйлчилгээний тухай" хууль хэрэгжсэнээр өнгөрсөн жил  2-5 нас хүртэлх  5496 хүүхэд хамгаалагдсан байна. Мөн 297 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд уг үйлчилгээнд хамарчээ. Цэцэрлэггүй үлдсэн зөвхөн хоёр настай 23 мянга, 3-5 настай  73524 хүүхэд гэртээ байна гэсэн  судалгааг дурдаад одоогийн төр засаг бидэнтэй хамтарч ажиллаж Монголын ирээдүй болсон эдгээр хүүхдүүдийг анхааралдаа авна гэж найдаж байна” гэлээ. Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэгийг Засгийн газар баталж, жил бүрийн улсын  төсөвт нэг хүүхдэд ногдох хоолны болон урсгал зардал гэж 110-140 мянган төгрөг тусгадаг. Хүүхэд харах үйлчилгээ нь хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдүүд хамардаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нас харгалзахгүйгээр харах үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Ж.Батсайхан

Связанные новости