Явган зорчигчдыг гэрлэн дохиотой, гарцтай газраар явахыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 31-ний байдлаар Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 347 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 235 дуудлага бүртгэгджээ. Осол хэргийн улмаас 8 хүн гэмтэж бэртсэний хоёр нь бага насны хүүхэд байв.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 70 давхрын замд "T.Mark-2" маркийн автомашин нь явган зорчигч 10 настай А-г мөргөж гэмтээжээ. Явган зорчигчдыг гарцтай газраар зам хөндлөн гарахыг ЗЦГ-аас анхааруулж байна.
Учир нь ихэнх явган зорчигчид гарцгүй газраар гарах, тэр дундаа бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийг ч сануулж байна. Мөн иргэд гэрлэн болон дуут дохионы утгыг ч сайтар ойлгож сурах шаардлагатай болжээ. Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхэддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
Ж.Батсайхан