Н.Энхболд:Батлан хамгаалах хүчнээ бэхжүүлэхэд эрх зүйн орчинд өөрчлөлт хийх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2017-10-25 15:25:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  өнөөдөр Жанжин Сүхбаатарын нэрэмжит, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын боловсролын ууган байгууллага Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Цэргийн төв эмнэлгийн ажилтай танилцаж үүрэг, чиглэл өглөө.

Тэрбээр ҮБХИС болон Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүнд шинэ Засгийн газрын бодлого, Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ танилцуулав.

Тэрбээр,"2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана. Шинэ Засгийн газрын гол баримтлах зарчим бол шударга, ёс зүйтэй төрийн албан үүргээ гүйцэтгэх юм. ҮБХИС-ийн хувьд сургалтын хөтөлбөр, ном товхимолд өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай” гээд Батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг Зэвсэгт хүчний уураг тархи болсон их сургуулийг сэтгэлгээг шинэ түвшинд гаргахыг зорьж ажиллана.

Цэргийн төв эмнэлгийн алба хаагчидтай уулзах үеэр, Төр засгаас та бүхний ажиллах нөхцлийг бүрдүүлсэн учир сахилга хариуцлага өндөр  иргэдийн зүгээс ямар нэг гомдол чирэгдэл гаргахгүй үүргээ сайн биелүүлэх ёстой гэдгийг онцолсон юм. Тэрбээр, "Бид сэтгэлгээний өөрчлөлт болон шинэчлэл хийхгүйгээр цэрэг армиа орчин үеийн болгоно гэсэн ойлголт байж таарахгүй.  Олон жил ярьсан Батлан хамгаалахын багц хуулиа саяхан батлуулж чадсан. Одоо Дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хууль гарна. Өнгөрсөн 16 жилд цэргийн шинжлэх ухаан,  дайны арга барил, хүмүүсийн мэргэжлийн түвшин, мэдлэг боловсролд маш их өөрчлөлт орсон.  Манай батлан хамгаалахын багц хууль нь дайчилгаа, орон нутгийн хамгаалалт, зэвсэгт хүчний гурвалсан суурин дээр өөрийгөө хамгаалах хүчнээ бэхжүүлэх асуудал өнөөдрийн нөхцөл байдал, эрх зүйн орчиндоо өөрчлөлт хийх ёстой. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд бүрэн өөрчилж гүйцдэггүй юмаа гэхэд суурийг  нь тавьсан байх ёстой” гэлээ.

Харьяа байгууллагуудын ажилтай танилцах үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Бригадын генерал Х.Батбилэг  болон БХЯ-ны удирдлагууд байлцав. 
Ж.Болор
Связанные новости