Жижиг дунд бизнесийнхнийг дэмжсэнээр дундаж давхаргын тоог нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажиллах хүчний 80 гаруй хувь нь Жижиг дунд үйлдвэрлэлд ажилладаг гэсэн судалгаа бий бөгөөд тэднийг дэмжсэнээр дундаж давхаргын тоо нэмнэ. Дундаж давхаргын тоог нэмснээр эдийн засгаа тэлнэ хэмээн “Жижиг дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” форумын үеэр мэргэжилтнүүд онцолж байна.
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH төслөөс Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулсан "Жижиг дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь" форумд АНУ-ын Элчин сайдын яам, ХХААХҮЯ, Үндэсний Хөгжлийн хороо, Монголбанк, Зээлийн Батлан даалтын сангийн төлөөлөл болон хувийн хэвшлийнхэн оролцлоо.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус форумын зорилго нь жижиг, дунд бизнесийн зээлжих чадавхийг сайжруулахад тооцоололтой, тогтвортой шинэлэг арга замыг эрэлхийлэхэд чиглэжээ.
Өнгөрсөн жилийн форумаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээл авахад үүсч буй хүндрэлийг хэрхэн багасгах вэ гэдэгт шийдэл хайж байсан бол энэ удаад асуудлыг илүү академик түвшинд шийдэх нь чухал гэдэгт төлөөлөгчид төвлөрөв.
АНУ-ын Засгийн Газар, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих зорилгоор REACH төслийг өнгөрсөн жилийн 6 дугаар сараас эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.
Форумын үеэр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлагийн төслийн менежер Б.Хишигсүрэнгийн танилцуулснаар REACH төсөл жижиг, дунд бизнесүүдийн зээлжих чадавхид бодитой дэмжлэг үзүүлжээ. Төслийн хүрээнд нийслэл болон орон нутагт 500 гаруй жижиг, дунд бизнесийнхэнд 40 гаруй тэрбум төгрөгийн зээл зуучилсан байна. Ингэснээр 6000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлого нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Жижиг, дунд бизнесийнхэн өнгөрсөн хугацаанд 800 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, шинээр 210 ажлын байр бий болгосон гэх сайн мэдээг дуулгасан юм.

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд зээл авахад барьцаа хөрөнгийн асуудалтай тулгардаг байна. Мөн тэдний төсөл боловсруулах чадвар сул гэсэн судалгааг REACH төслийнхэн гаргажээ. Харин бизнес эрхлэгчдийн зүгээс зээлийн хугацаа богино, зээлийн бичиг баримтын бүрдүүлэлт их байгааг шүүмжилж байсан бол төсөл хэрэгжүүлэгчид зээлийн эх үүсвэр байгаа ч ЖДҮ эрхлэгчид авсан зээлээ хэр үр дүнтэй байлгах вэ гэдэг нь чухал гэв.
Санхүүжилтийг шийдчихвэл жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө хэмээн өнгөрсөн жилийн форумаар бизнес эрхлэгчид тодотгож байсан бол энэ жил санхүүжүүлэх хөрөнгийн асуудлыг шийдэж, жижиг, дунд бизнесүүдийг боломжит зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах чиглэлээр чадавхжууллаа хэмээн төслийн багийнхан онцолсон юм. Ингэхдээ зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлалгүй Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймгийн ЖДҮ эрхлэгчдийг дэмжин ажиллажээ. Төслийн хүрээнд хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, барилгын салбарынхад түлхүү зээл олгосон байна.
Түүнчлэн мөн үеэр Зээлийн батлан даалтын сан Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын санхүүжилт бүхий “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийг өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлснийг танилцуулав. Энэхүү төсөл хэрэгжсэнээр зээл авахад барьцаа хөрөнгө нь хүрэлцдэггүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хөнгөлөлттэй хүүтэй, урт хугацаатай, эх үүсвэртэй батлан даалттай зээл авах боломж бүрдэж буйг Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох тодотгосон юм. Зээлийн батлан даалтын сангаас урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр бий болгох, хүүг бууруулахад үйл ажиллагаагаа чиглүүлж буй аж. Уг төслийн хүрээнд зээлийн дээд хэмжээг нэг тэрбум төгрөгөөр хязгаарлаж, батлан даалтын хэмжээг 30-60 хувь болгон, зээлийн хугацааг 10 жилээс хэтрэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх юм байна. Мөн дээрх төсөл эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт болон гарааны бизнес, уул уурхайн бус салбаруудыг түлхүү дэмжих аж.
Энэ мэт дундаж давхаргыг бүрдүүлэгч ЖДҮ эрхлэгчдийг дэмжих ямар боломж байгааг “Жижиг дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” форумын төлөөлөгчид эрэлхийлэв.

Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ