“Вансэмбэрүү-2017” үзэсгэлэн худалдаанд 45 аж ахуйн нэгж оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-14 13:46:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, сурталчлах, экспортонд зуучлах зорилго бүхий  “Вансэмбэрүү-2017” үзэсгэлэн худалдааг  Улаанбаатар төмөр замын үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн худалдааг өнгөрсөн жилээс УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нарын санаачилгаар “Митчелл сан”, “Ирээдүй хөгжлийн шийдэл” НҮТББ хамтран зохион байгуулж эхэлсэн.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд “БМ гутал”, “Хас” гутал, “Ньюгалакси”,“Шинэ сүлжээ кашимер” ХХК, “Ундрах урлан”, “SRB”, “Монгол эсгий эдлэл”, Тод оймс” зэрэг 45 аж ахуйн нэгж оролцож байна.



УИХ-ын гишүүн А.Ундраа ярихдаа, "Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, экспортын баримжаатай бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, эх орныхоо бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх хандлага бий болгоход туслах зорилгоор НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаатай хамтран “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг 2016 онд анх зохион байгуулж эхэлсэн юм. Үзэсгэлэнгийн нэг онцлог нь оролцогчдын дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлаж уралдааны ялагчид гадаадын өндөр хөгжилтэй оронд бизнесийн туршлага судлах аяллын эрхээр шагнуулдаг. Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар шилдэг хоёр бүтээгдэхүүнийг шалгаруулсан. 100 орчим шилдэг бүтээлээс “Хас гутал” ХХК-ийн гутал, “SRB” ХХК-ийн MR брэндийн цүнх  шалгарсан. Уралдаанд түрүүлсэн хоёр үндэсний үйлдвэрлэгчид маань энэ сарын 4-8-нд Итали улсад болсон Олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож гадныханд бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан. “Вансэмбэрүү 2017” үзэсгэлэн худалдааны  зорилго  шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг гадны зах зээлтэй холбох замаар Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэ удаа ч гэсэн шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулах бөгөөд Япон улсад болох Олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох эрхийн бичгийг гардуулна "гэлээ.



Монгол Улсаас Япон Улс руу зөгийн бал экспортлогч "Михачи" компанийн гүйцэтгэх захирал Ибикүро Томоко, "Манай компани “Вансэмбэрүү 2017” үзэсгэлэн худалдаанд “Михачи” брэндийн зөгий балаараа оролцож байна. Далайн түвшнээс 1000 гаруй метрийн өндөрт оршдог Монгол Улсын зөгийн бал дэлхийд хамгийн шимтэй, органик гэдгээрээ алдартай. 2012 оноос хойш зөгийн аж ахуй эрхэлж “Михачи” брэндийн зөгийн балыг гарган Япон  улс руу экспортолж байна. Экспортод гаргаад удаагүй байгаа болохоор хэр ашигтай байхыг одоогоор хэлж мэдэхгүй. Гэхдээ Японы зах зээл маш том. Манай зөгийн балнууд тийм ч их биш болохоор ямар ч асуудалгүй борлогддог. Харин Монголд экспортыг сайжруулах чиглэлээр маш олон ажил өрнөдөг ч зөгийн балаа экспортолж байгаа компаниуд цөөхөн. Миний хувьд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортолж, түүгээр Монголыг таниулах талаар  чадах бүхнээ хийхийг зорьж байна" хэмээв.

"Вансэмбэрүү-2017" үзэсгэлэн маргааш өндөрлөх бөгөөд энд гар урлал, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүнүүд, арьсан эдлэлийг дэлгэжээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа инновацийг нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэж буйгаараа онцлогтой болж байна.
Б.Заяа
Связанные новости