ХЭҮК-оос Булган аймагт нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-10-05 16:13:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 5-6-нд Булган аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Тус аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа энэхүү өдөрлөгийн үеэр иргэд болон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзалт-ярилцлага хийж, нутгийн иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдлыг шалгаж, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн төрийн албан хаагчид, хуулийн байгууллагын ажилтнуудын төлөөлөлд хүний эрхийн сургалт явуулж байгаа юм. Түүнчлэн хүний эрхийн хяналт шалгалтын хүрээнд саатуулах, баривчлах, цагдан хорих байруудын хүний эрхийн нөхцөл байдалтай танилцах юм.

Үүний зэрэгцээ нутгийн удирдлагаас сүүлийн 3 жилд нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан эрх зүйн актуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийж, охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх болон байгаль орчин, уул уурхайн салбар дахь тулгамдаж буй асуудлаар мэдээлэл цуглуулж, холбогдох төрийн албан хаагчидтай уулзах аж.

Б.Туул


Связанные новости