Байгалийн баялгийг ухаад зөөх биш эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нь чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-27 09:28:34
Хөх хот /МОНЦАМЭ/. Монгол-Хятад-Оросын уул уурхайн нөөц баялаг ашиглалтын асуудлаарх хэлэлцүүлгийн төлөөлөгчид  уул уурхайн баялгийг зүгээр ухаад зөөх биш хэрэглэгчийн хэрэглээг хангахуйц эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх ёстой гэдэгт төвлөрөв. 
Тус хэлэлцүүлгийн үеэр  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц. Дашдорж  хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ илгээснийг танилцуулсан юм.
Мэндчилгээнд, “Монгол-Хятад улс нь олон зууныг дамнасан худалдаа, эдийн засаг соёлын түүхэн уламжлалт харилцаатай орнууд. Энэхүү уламжлалт харилцаан дээр түшиглэн зохион байгуулж буй  хоёр дахь удаагийн “Монгол-Хятадын экспо -2017” үеэр гурван улсын уул уурхайн салбарын хамтарсан уулзалт хийж буй нь цагаа олсон үйл явдал гэж дүгнэж байна. Эл хэлэлцүүлгээр өрнөсөн яриа, хэлцэл гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ боломжийг нээн, тодорхой үр дүнд чиглэсэн бодит ажил хэрэгжүүлэхэд дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс нь ашигт малтмалын төрөл, нөөцөөр баялаг, уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдийн олборлогч, экспортлогч орон. Өнөөдрийн байдлаар 50 гаруй төрлийн ашигт малтмалын 3000 гаруй орд илрэлийг илрүүлэн судалж нөөц тогтоосноос алтны 2500 тонн, газрын тосны 332.6 сая тонн хайлуур жоншны 48.3 сая тонн, зэсийн 57 сая тонн цайрын 1.7 мянган тонн, төмрийн хүдрийн 1.2 тэрбум тонн, нүүрсний 37.2 тэрбум тонн нөөцийг хайгуулын ажлын үр дүнгээр тогтоож баталгаажуулаад байна.
Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, экспортын нийт бүтээгдэхүүний 18 хувь гадаадын хөрөнгө оруулалтын 64 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг  дангаараа бүрдүүлдэг. Нийт экспортын  86 хувийг  уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдийн экспорт эзэлж буй бөгөөд үүний 97.5 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдений баяжмал , хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.
2016 онд нийт олборлосон чулуун нүүрсний 98.5 хувь,  молибдений баяжмалын 97.2 хувь, хайлуур жоншны 30.8 хувь, төмрийн хүдрийн 96 хувь, зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ-д экспортолсон байна. Нийт экспортын 79 хувь, импортын 31 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж буй юм” гэлээ.                                                                                                                                                                                                    
Эрдэнэс-Монгол” компанийн Бизнес Хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал О. Одбаяр: "Монгол-Орос-Хятадын хамтарсан форумаар газрын баялгаа үнэд хүргэх боломж, уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар яриа хэлцлүүд өрнөлөө.  Хоёр орны хувьд уул уурхайн салбар нь урт удаан жилийн түүхтэй. Харин Монголын хувьд сүүлийн 20 жилд уул уурхайн салбараа эрчимтэй хөгжүүлж байна. Тиймээс уул уурхайн салбараа  урагшлуулахад хоёр хөршийн дэмжлэг чухал. Нөгөөтэйгүүр хоёр хөрш бол манай гол хэрэглэгчид. Энэ утгаараа байгалийн баялгийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд хүргэх үйл явцад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой. Байгалийн баялгаа үнэд хүргэх гол хөшүүрэг бол тээврийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэдгийг хоёр орны төлөөлөгчид тодотголоо. Тиймээс Монгол Улс тээвэрлэлтийн асуудлаа хамгийн түрүүнд шийдэх, улмаар уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн экспортлох шаардлагатай байгаа. Тухайлбал Гашуунсухайтын авто замын асуудлыг яарлтай хөдөлгөснөөр Таван толгойн бүлэг ордоос авах түүхий эдийн экспорт нэмэгдэх боломжтой. Түүнчлэн уул уурхайн салбарынхан олборлоод тээвэрлэх биш гол нь судалгааны чиглэлд илүүтэй анхаарах цаг болсныг онцоллоо.  Бид хэрэглээн дээр суурилсан үйлдвэрлэлийг бий болгох нь чухал" хэмээв.
 Нүүрсний экспортын хэмжээгээр Монгол Улс Австрали, Канад, АНУ-ын дараа дөрөвдүгээрт бичигдэж байгааг хурлын үеэр Хятадын талаас мэдэгдсэн юм. 
Манай нүүрсний экспортын 99 хувь нь Хятад улс руу гардаг. Харин Австрали улсын нийт нүүрсний экспортын 60 хувийг урд хөрш импортлож буй аж. Өнгөрсөн онд Хятад улсын импорт 23 хувиар нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэх шалтгаан нь дотоодын уурхайнуудын ажиллах хоногийг 365-276 болгож бууруулсантай холбоотойг хятадын мэргэжилтнүүд ярив.
Түүнчлэн БНХАУ манай улсаас өнгөрөгч онд 24 сая тонн нүүрс худалдан авчээ. Харин он гарсаар 15 сая тонн нүүрс авсан дүн мэдээ байна. Улмаар өнгөрсөн жилийн үзүүлэлтээс нүүрсний импорт буурахгүй гэдгийг Хятадын талаас мэдээлсэн юм. Уул уурхайн салбарын хувьд цаашид бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх, салбарын судалгааг оновчтой болгох нь чухал гэдгийг хоёр орны төлөөлөгчид онцолж байв. Харин тээвэрлэлтийн асуудалд  нүүрсний тээвэрлэлтийн гол цэг болох Ганц модны боомтын үйл ажиллагааг хэвийн авч явах ёстойг бидэнд сануулав. Монгол Улсын нүүрсний чанар хагас зөөлөн, бага хэмжээний үнслэгийн агууламжтай байдаг учраас сайн бүтээгдэхүүнд тооцогддог, энэ хэрээрээ боловсруулалт хийхэд хялбар байдгийг Хятадын нүүрсний салбарынхан тодотголоо.
 
 Хөх хот. Б.Заяа
Связанные новости