Аврагчид Өгийнуурт аврах ажиллагааны сургуулилт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн аврагчид Архангай аймгийн Өгий нуурт уснаас болон агаараас эрэн хайх, аврах ажиллагааны бэлтгэл сургуулилтыг хийж байна.
Сургуулилтыг Аврах тусгай анги, Зэвсэгт хүчний 084, 303 дугаар ангиудын бие бүрэлдэхүүн хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог аж. Дадлага сургуульд Аврах тусгай ангийн 31 усчин аврагч, 8 шүхэрчин аврагч хамрагдаж байна.
Дадлага сургуулиар аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалтыг хийхийн зэрэгцээ уснаас эрэн хайх аврах ажиллагааны буюу завь, усны мотоцикль, катер зэргийг ашиглан усан дээр усны гүнд, шөнийн нөхцөлд хэрхэн ажиллах чиглэлээр аврагчдын өөрсдийн мэргэжлийн ур чадварыг ахиулах дадлагуудыг хийж байна.
Мөн шөнийн усны шумбалтуудыг хийсэн бөгөөд усанд шүхрээр буух дадлагаар энэ удаагийн сургалт өндөрлөх юм.
Б.Туул