Мосулыг ойрын өдрүүдэд бүрэн чөлөөлнө гэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-23 09:43:37
БАГДАД. /ВВС/. Лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлээс Иракийн хоёр дахь  том хот болох Мосулыг бүрэн чөлөөллөө гэж ойрын үед манай улсын Засгийн газар зарлах болно гэж Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади мэдэгдлээ
.
Тэрбээр өчигдөр нийслэл Багдад хотод хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ингэж хэлжээ.

“Лалын улс”-ынхан бүгж буй Мосулын Хуучин хот руу засгийн газрын цэргүүд давшиж байгаа аж. Мосул бол тус бүлэглэлийнхний  Иракт үлдсэн ганц түшиц газар нь юм.

Босогчдын эвдэж сүйтгэсэн түүхэн барилга байгууламжуудын туурийг сэргээнэ гэж Иракийн Ерөнхий сайд мөн мэдэгджээ.

Мосулыг чөлөөлөх ажиллагаа амжилттай явагдаж байгаа гэдгийг олон нийтэд харуулахын тулд Абади ийм мэдэгдэл хийлээ гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ босогчид өөрсдийгөө хамгаалахын тулд сөрөг цохилт хийсээр байгаа учир Мосулыг чөлөөлөхөд багагүй хугацаа орж магадгүй юм.

АНУ тэргүүтэй эвслийн хүчний байлдааны нисэх онгоцууд болон цэргийн зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр Иракийн армийн хэдэн мянган цэрэг болон Курдын журамт цэргүүд Мосулыг чөлөөлөх ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 17-ноос явуулж эхэлсэн билээ.
Г.Доржханд



Связанные новости