АНУ-д олон үйлдэлт гэрийн роботын захиалга эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-10-30 17:09:54

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 30 /Kazinform/. Америкийн “1X” компани гэрийн ажил болон хувийн ажлуудад туслах зориулалттай дэлхийд анхны хүн дүрст робот болох NEO-гийн урьдчилсан захиалгыг эхлүүлснээ мэдэгджээ. 


Энэхүү робот нь өрөөг автоматаар цэвэрлэх, хувцас эвхэх, өрөөг цэгцлэх, түүгээр барахгүй хоол бэлтгэхэд хүртэл туслах чадвартай. 


Эзэнтэйгээ амьд харилцан яриа өрнүүлэх, өгсөн командуудыг нь ялгаж таних, орчны байдлыг тодорхойлж үнэлэх, гэр бүлийн хэрэгцээ шаардлагад дасан зохицох боломжийг олгодог хиймэл оюун бүхий системээр уг роботыг тоногложээ. Түүнчлэн өмнө өгөгдсөн командуудыг санах, худалдан авах зүйлсийн жагсаалт гаргах, болох үйл явдлуудыг сануулах, мөн суралцахад тусална. 


Уг робот намуун зөөлнөөр, аюулгүйгээр хөдөлж, хүнд жинтэй эд зүйлсийг өргөж зөөх чадвартай бөгөөд дуу чимээ багатай ажилладаг.


NEO-гийн эхний хүргэлтийг 2026 онд АНУ-д хийхээр төлөвлөж байгаа бол 2027 онд олон улсын зах зээлд гаргах ажээ. Роботыг 20 мянган ам.доллароор урьдчилан захиалах боломжтой, мөн сарын 499 ам.долларын захиалгын үйлчилгээ санал болгох аж.


Энэхүү төсөл нь гэрийн ажлыг хөнгөвчилж, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж чадах оюун ухаант роботуудыг зохион бүтээснээр өдөр тутмын амьдралыг илүү тав тухтай, аюулгүй болгох зорилготой гэж "1X" компанийн мэдээлэлд дурджээ. 




Связанные новости