III Чарльз, Пап Лео нар хамтдаа залбирал үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-24 11:36:03

ВАТИКАН, 2025 оны аравдугаар сарын 24 /Reuters/. Их Британийн хаан III Чарльз, Пап лам Лео нар Ватиканы Систин сүмд пүрэв гарагт хамтдаа залбирсан нь 1534 онд VIII Хенри хаан Ромын сүмээс салан тусгаарласнаас хойш Английн хаан болон Католик шашны тэргүүн нарын анхны хамтарсан мөргөл болжээ. 


Зургаан сарын өмнө дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хамба лам нар Леог пап ламаар сонгосон тус сүмд латин магтан дуу болон англи залбирал цуурайтсан байна.


Лео болон Английн сүмийн хамба лам Стефен Коттрелл нар Систин сүмийн найрал дуу, хоёр хааны найрал дууны хамтлаг оролцсон ёслолыг удирдаж байх үеэр Английн сүмийн тэргүүн Чарльз Папын зүүн талд сууж байлаа.


Хэдийгээр III Чарльз сүүлийн гурван Пап ламтай уулзаж, Пап лам II Иоанн Павел, XVI Бенедикт нар Британид айлчилж байсан боловч тэдгээр уулзалтын үеэр хамтарсан залбирал үйлдэж байгаагүй ажээ.


Хаан Чарльз, хатан Камилла нар Ватиканд төрийн айлчлал хийж буй нь Католик сүм болон Англикан сүмийн хоорондох харилцаа холбоо таван зууны өмнө салснаас хойш ойртож байгааг харуулж байна.


Пап лам VII Клемент нь VIII Хенри хааны гэрлэлтийг цуцлахаас татгалзсаны дараа Католик сүм болон Англикан сүм 1534 онд албан ёсоор салж хуваагдсан түүхтэй.

Связанные новости