Дэлхийн дүрвэгчдийн өдөр: Өнгөрсөн онд 65.6 сая хүн дүрвэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-20 10:30:18
ЖЕНЕВ./Reuters/. Зэвсэгт мөргөлдөөн, хавчлага мөрдлөг болон бусад шалтгааны улмаас дэлхийн хэмжээнд 2016 онд 65.6 сая хүн орон гэрээсээ дүрвэжээ.

Өнөөдөр болж буй “Дэлхийн дүрвэгчдийн өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссарын газар өчигдөр дүрвэгчдийн талаарх тайланг нийтэлсэн байна.

Дотооддоо болон бусад улс орон руу дүрвэсэн хүмүүс болон орогнол хүсэгчид 65.6 сая гэсэн энэ тоонд багтжээ.

Уг тайланд дурдсанаар, зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн Сири улсаас хамгийн олон буюу 5.5 сая хүн дүрвэсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 650 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Сирийн нийт хүн амын талаас илүү хувь нь дотооддоо болон гадаад улс орнууд руу дүрвэн амьдарч байна гэж тайланд онцлон тэмдэглэжээ.

Өмнөд Суданы 3.3 сая гаруй иргэн өнгөрсөн онд дотооддоо болон гадаад руу дүрвэсэн байна. Энэ нь 2015 оныхоос 800 мянга гаруйгаар нэмэгдсэн тоо юм. 2016 оны долдугаар сард тус улсын нийслэл Жуба хотод томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн дэгдсэнээс хойш дүрвэгчдийн тоо эрс нэмэгджээ.

Дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэхийн тулд дэлхий нийтээрээ нэгдэж, урьд урьдынхаас илүү дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг дээрх статистик үзүүлэлт харуулж байна гэж НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссар Филиппо Гранди хэлэв.

Гадаад улс орнууд руу болон дотооддоо дүрвэсэн хүмүүс, мөн орогнол хүсэгчдийг зохих ёсны дагуу хамгаалах нь чухал болохыг тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Г.Доржханд
 
 

Связанные новости